alim.mn | 2024.12.22
Зөвшөөрөлгүй сургалт явуулж 5,7 сая төгрөгийн “ашиг” хийсэн Төв аймгийн Боловсролын газрын арга зүйч шийтгүүлжээ

Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын хувьд математик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Гансүх нь өөрийн удирдах албан тушаалтан болох Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нарантуяагаас зөвшөөрөл авалгүйгээр Төв аймгийн Архуст, Баян-Өнжүүл, Баянчандмань, Баянцагаан, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Угтаалцайдам, Цээл, Бүрэн, Борнуур сумын ерөнхий боловсролын сургууль, Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэгт төлбөртэй сургалт зохион байгуулж, өөрийн хувийн дансаар 5.752.100 төгрөгийн төлбөрийг авсан, мөн өөрийн хамаарал бүхий “Таде технологи” ХХК-аар дамжуулан Төв аймгийн Эрдэнэсант, Цээл, Баянцагаан, Бүрэн, Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургууль, Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн компьютер засварын үйлчилгээ хийж 6.915.000 төгрөгийн төлбөрийг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

“...Төв аймгийн Архуст сумын ЕБС-ын захирлаар ажиллаж байна. Боловсролын яамнаас улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах, контент бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулийн багш нар дээрх сайтад хичээлээ бэлтгэж байршуулахаар ажиллаж байна. 2022 оны 10-р сард Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Гансүх дотоод удирдлагын системээр манай сургуульд дээрх чиглэлээр сургалт авах бол захиалга өгч ажиллах талаар чиглэл ирүүлсэн. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны газраас дотоод удирдлагын системээр сургалтын удирдамж ирүүлсэн. Гэхдээ удирдамж нь даргын гарын үсэг тамга тэмдгээр баталгаажаагүй байсан. Тухайн үед мэргэжилтэн Гансүхэд сургалтын удирдамж баталгаажаагүй байна гэхэд дараа нь баталгаажуулж явуулна гэсэн. Тэгээд 2023 оны 02-р сарын 10-ны өдөр сурагчдын амралтын үеэр мэргэжилтэн Гансүх манай 15 багш, удирдлага, ажилчдад сургалт явуулсан. Нэхэмжлэлийн дагуу мэргэжилтэний Хаан банкны данс руу сургалтын төлбөр болох 370.000 төгрөгийг шилжүүлэн хийсэн. Сургалтын төлбөрийг шилжүүлэх үед хувь хүний данс байхаар нь жаахан эргэлзсэн ч шилжүүлсэн ...”
“...Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн ЕБС-д захирлаар ажилладаг. Манай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Гансүхээр 2023 оны 02-р сарын 17-ны өдөр сургалтын менежер Н.Мөнхзулын "Lenovo" загварын зөөврийн нөөтбүүкийн хүчин чадлыг сайжруулж, рам, хард дискийг нь солиулж, төлбөрийг "Таде Технологи" ХХК-ийн данс руу 210.000 төгрөгийг шилжүүлсэн ...”

"Таде Технологи”-ийг мэргэжилтэн Г.Гансүх эхнэрийнхээ дүүтэй хамтарч байгуулсан байжээ. Шүүх шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилээр тэнсэн харгалзжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ