alim.mn | 2024.12.22
Нийтлэг үйлчилгээний газрын экс дарга Х.Эрдэнэбилэгийн 445 сая, ерөнхий нягтлан Х.Цогзолмаагийн 49 сая төгрөгийн хохиролтой гэх ХЭРГЭЭС ...

НЗДТГ-ын Нийлэг үйлчилгээний газар/НҮГ/-ын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нарын авилгал, албан тушаалын гэх хэргийг сөхвөл далай гэмээр. Одоогийн байдлаар улсын төсөвд даргатан 445,4, нягтлан бодогч 42,9 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байна. Дээрхи хэргүүдээс нягтлан бодогч даргадаа 14 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэг нь сонирхолтой. Мөрдөн байцаалтаар хоёр удаагийн үйлдлээр хахууль өгсөн гэж тогтоогджээ. “Өгөөж андууд” компанийн захирал Х.Оргилболд нь ерөнхий нягтлан бодогчтой сайн найз гэнэ. Ингээд даргатан нягтлангийнхаа гуйлтаар 2021 оны 02-р сарын 26-ны өдөр “Өгөөж андууд”-ын захиралтай  “Хүнсний бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, гэрээний төлбөрт Төрийн сангаас 31 сая төгрөгийн гүйлгээг хийснийхээ төлөө  буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд тус өдөр нягтлангаасаа “Золо” нэртэй зочид буудлын гадна 14 саяын хахууль авсан гэж яллагджээ. Үүний дараа мөн л ерөнхий нягтлангийнхаа гуйлтаар түүний ашиг сонирхлын үүднээс 2021 оны 5-р сарын 4-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 16.2 саяын гүйлгээ хийгээд “Парк сайд” хотхоны гадна түүнээс 2.5 саяын  төгрөгийн хахууль авсан гэж тогтоогдсон. Ингээд нийт 16.5 сая төгрөг болжээ.  Ер нь дарга, ерөнхий нягтлан бодогч болон Х.Оргилболдын гурвал “нягт” хамтран ажиллажээ. Даргатан өмнө нь мөн л “Өгөөж андууд” компанитай  "Бэлтгэн нийлүүлэх" гэх гэрээг байгуулж, төлбөрт нь гурван удаагийн гүйлгээгээр 18.4 сая, 13 сая, дараа нь 9.6 сая шилжүүлсэнийг  ерөнхий нягтлан бодогчид давуу байдал бий болгосон гэж үзжээ. Энэ бүх “давуу байдал”-ын хариуд Х.Оргилболд нь даргатаны А.Цэрэнхүү захиралтай “Элэг нэгтэн” компаниас орж ирсэн 44,5 сая, Н.Сүхбат захиралтай “Сачу актив инвест” компаниас оруулж ирсэн 44,4 сая төгрөгийг өөрийн дансаараа гарган өгсөн гэнэ.  Улмаар  даргатаны хамаатан буюу төрсөн эгч Л.Цэнд-Аюушийн хүү болох Д.Бямба-Очирын нэр дээр “Ланд-200” машин захиалагдаж дээрхи мөнгөний 80 сая нь “Мөнххада” компанийн дансанд орсон гэж тогтоогджээ. Тэгвэл Х.Бямба-Очирын “Хоча трейд” компани нь НҮГ-тэй мах, ногоо жимс нийлүүлэх 197 саяын гэрээ байгуулсан гэнэ. Энэ бүх гэрээг байгуулахдаа бусад компаниудад тендерийн урилга хүргүүлэхгүй байх зэргээр “дэмжсээр” эгчийнхээ хүүгийн компанид “тусалсан” гэнэ.  “Сачу актив инвест”,  “Элэг нэгтэн”  хоёрт ч гэрээнд заасан бараагаа нийлүүлээгүй байхад нь төлбөрийг шилжүүлсэн гэжээ. Энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд прокурор руу буцаахаар болсон ч давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан байна.  Сонирхолтой нь  Х.Эрдэнэбилэг өдгөө Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ