Э.Миеэгомбо нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс гадна нэртэй зохиолч болно. Тэрээр “Хотжилт” хэмээх том роман бичсэн. Баянголын ИТХ авъяаслаг зохиолч төлөөлөгчөө дэмжин уг романаас 90 ширхэгийг 1,8 сая төгрөгөөр худалдан авч байсан. ИТХ-ын цахим хуудас дахь зохиолч төлөөлөгчийн ажлын арвин түүхийг харахад дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байснаа огт дурдаагүй байна. Энэ нь ч учиртай. Саяхан экс даргатан тэнд бужигнуулсан хэрэгтээ шүүхээр шийтгүүлсэн. Тэрээр уг төвийг даргалж байхдаа өөрийн “Хас” банкинд бүртгэлтэй ПОС машинаар 2021 оны 3-р сараас 2022 оны 9-р сарын хооронд 680 удаагийн үйлчилгээний орлогыг уншуулан 58,4 сая төгрөг завшсан хэрэгт холбогдсон. Үүнд няраваар ажиллаж байсан, өдгөө тэтгэвэрт гарсан Ч.Ганболд “тусалсан”. Нярав ахаараа дамжуулан ахиад зургаан саяын орлого завшсан гэж тогтоогджээ. Пос машины хэрэгт дарга нярав хоёроос гадна угтах үйлчилгээний ажилтан Д.Уянга оролцжээ. Тэрээр 58 саяын тооцоог даргын ПОС-оор уншуулсан гэнэ. Дарга хувийнхаа посыг авчраад орлого уншуулж байгаа нь төвийн ажилтнуудын нүдний өмнө улаан цайм явагджээ.
Усан спорт, сургалтын төвийн үйлчилгээний орлого өөрийх нь түрүүвч рүү орох ёстой гэж үзсэн Э.Миеэгомбо нь даргаар ирэнгүүтээ сарын дараа Ч.Ганболд, Д.Уянга нарыг ажилд авчээ. Экс даргатан албан тушаалаа ашиглаж их хэмжээний хохирол учруулсан хэргээс гадна мөрдөн байцаалтын шатанд гэрчид нөлөөлж зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн байна. Анхан шатны шүүх Баянголын ИТХ-ын зохиолч төлөөлөгчийг нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж 27 сая төгрөгөөр торгожээ. Түүний хоёр “цэрэг” болох няравыг 5,4 сая, угтах үйлчилгээний ажилтанг 6,5 сая төгрөгөөр торгосон байна. Өдгөө төлөөлөгч нь их хэмжээний торгуульд унасан тул Баянголын ИТХ ахин “дэмжлэгийн” гараа сунгаж “Хотжилт” романаас нь худалдаж авах байх даа ...