alim.mn | 2024.10.15
ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ, ХОЁР ӨРӨӨ БАЙРТАЙ БАЙСАН Г.ДАМДИННЯМ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ ТЭРБУМЫН ХАУСТАЙ, 300 САЯЫН ЖИЙПТЭЙ БОЛЖЭЭ
 УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Г.Дамдинням цүнх барьж, хэн хүний гарын үзүүрт гүйсэн хөөрхөн хүүхэд байлаа. Нүүр дүүрэн инээнэ гэж. Гэвч УИХ-ын гишүүн болоод хамгийн их ааш зан нь хувирсан. Нүдээ онийлгон, харцаа ширүүлж, дуу хоолой бол унзад, баритон болж, хэн хүн рү, ааштай бүсгүй шиг шилбэлзээд эхэлсэн. Чуулган дээр 33 тэрбумыг сөхсөн Б.Пүрэвдорж гишүүний өөдөөс "шаа" гэж хашгирч, чуулганы индрээс “Би УИХ-ын гишүүн хүн. Гэтэл гудамжинд ажиллаж байгаа цагдаа нар чинь намайг таньсангүй, өчигдөр 30 минут зогсоолоо, Хууль зүйн сайдаа” гэж томорч, зэс гууль цухуйж эхэлсэн. 
 
    Тэгвэл Г.Дамдинням хамгийн ааш зан эвдэрсэн, ярдаг хэрүүлч гишүүнээр болоод зогсохгүй, хөрөнгө нь хамгийн их нэмэгдэж, хэтэвч нь хамгийн зузаарсан гишүүнээр “тодорчээ”. 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо АТГ-т бөглөж өгсөн ХОМ-гийнх нь ихэнх нүд хоосон, гялайж гялтайх юмгүй, "шалдан гуя" байсан. Харин сая нэр дэвшихдээ бөглөж өгсөн ХОМ-ийнх нь нүдэнд том, том тоонууд дурайж байна. Дөрөвхөн жил гишүүн байсан гэхэд хурдан хөлжжээ. Тухайлбал, 
 
      Г.Дамдинянм 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо хөл дүүжлэх унаагүй гэж байв. УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч ордон, гэр хоорондоо скүүтер унадаг хэмээн касктай зургаа постлон “попорч” байлаа.  2021, 2022 оны ХОМ-тээ ч машингүй гэж мэдүүлсээр ирсэн. Гэтэл сая нэр дэвшихдээ 299 сая төгрөгийн “Land cruiser-300” загварын жийптэй гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, скүүтертэй давхиж явсан Г.Дамдинням өнгөрсөн 2023 оноос “Land cruiser 300” хөлөглөж, тансаг машин тухалдаг болжээ. 
      Г.Дамдинням 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо эхнэр нь Ц.Уянгыгаа нэг ч төгрөгийн орлогогүй гэж байв. Харин сая нэр дэвшихдээ эхнэрээ жилдээ 100 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Гэтэл эхнэр Ц.Уянга нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн ах Х.Гантулгатай хамтран эзэмшдэг байсан “Хера инвестмент” ХХК, “Марка коиба” ХХК-уудынхаа хувьцаа эзэмшигчээс нэрээ хасуулж, өдгөө нэр дээрээ бизнесгүй болсон байх аж. Тийм мөртөө жилд 100 сая төгрөг яаж олоод байгаа нь сонин. 
 
     Г.Дамдинням 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо 265 сая төгрөгийн нэг орон сууцтай байлаа. Харин одоо 975 сая төгрөгийн хувийн хаустай болжээ. Хажууд нь, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Ерөнхий сайд хүртлээ дөрвөн ч сайдын сэнтий дамжиж үзсэн Н.Алтанхуяг 635 сая төгрөгийн хувийн хаустай, Гаалийн Ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын даргаар 10 жил ажиллаж, УИХ-ын гишүүнээр хоёр сонгогдож үзсэн, “Тэс петролиум”-ын эзэн, шатахууны магнат Б.Баттөмөр 200 саяын хувийн хаустай гэж мэдүүлдэг. Өөрөөр бол, Г.Дамдимням УИХ-ын гишүүнээр ганц сонгогдохдоо л ах нарыгаа амьдардаг сууцаараа хол хаяж, тэрбумын хауст тухалдаг болжээ. 
 
Болоогүй ээ, Г.Дамдинням УИХ-ын гишүүн болохдоо дансандаа 57 сая төгрөгтэй байлаа. Одоо 109 сая төгрөгтэй болж... Мөн Г.Дамдинням анх 30 сая төгрөгийн хадгаламжтай байлаа. Харин одоо 179 сая төгрөгийн хадгаламжтай болсон байна. Мөн анх 480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж байсан бол одоо үнэт эдлэлийнх нь үнэ хагас тэрбум давж, 595 сая төгрөгт хүрчээ. 
Хамгийн гайхалтай нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн фейсбүүкийн “Гонгорын Дамдинням” пейжээ энэ он гарсаар зургаан сар хагасын хугацаанд 23 мянган ам.доллараар сурталчилжээ. 23 мянган ам.доллар нь өнөөдрийн ханшаар 77.7 сая төгрөг.  УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийнхөө хэлсэн үг, хийсэн үйлдлийг фейсбүүк-т нэг өрөө байр, эсвэл хоёр ширхэг “prius”-ны мөнгөөр сурталчилжээ. Хөлтэй, хөрөнгөтэй хүний л гаргах мөнгө. 
 
Эцэст нь, нэг асуудалт байна. УИХ-ын гишүүн Г.Дамдинням сая нэр дэвшихдээ УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж Пүрэвийн Бямбасүрэнтэй “Топ майнинг солюшнс” ХХК-ийг 50, 50 хувиар эзэмшдэг. Өөр ямар ч компани, бизнесгүй гэж мэдүүлжээ. Гэтэл Г.Дамдиням өнгөрөгч 2023 онд Хөгжлийн банкны 33 тэрбумын асуудалдаа тайлбар өгөх үеэрээ “Миний 50 хувийг нь эзэмшдэг “Топ майнинг солюшнс” ХХК бол ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, хоосон компани. Татварын акт гэх мэт бүх зүйлийг нь шалгаад үзэж болно” гэсэн байдаг. Тэгвэл Г.Дамдиням огт бизнесгүй, нэр дээрх ганц компани нь хоосон юм бол 975 саяын буюу тэрбумын шахуу хувийн хаус, 300 саяын “Land cruiser 300” зэргээ хаанаас, хэрхэн, яаж авсан байж таарах вэ. Бид ч тан шиг ингэж хурдан баяжиж хөлжмөөр байна. Ард түмэн, сонгогчиддоо энэ аргаа зааж өгөөч.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ