alim.mn | 2025.01.03
44-р сургуулийн бага ангийн сургалтын менежер албан өрөөндөө буйдан авахаар эцэг эхийн зөвлөл, багш нараас хоёр сая төгрөг “татжээ”

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44-р сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Ц нь албан өрөөндөө буйдан авах ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн 5-р  ангийн нийт 10 бүлгийн сурагчийн монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах ёстой байсан мөнгөнөөс буюу эцэг, эхийн зөвлөлийн мөнгөнөөс нийт 1.750.000 төгрөг, мөн бага ангийн багш М.С , О.У, Ж.З, Ц.Д, Л.Н  нараас тус бүрээс нь 50.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг бэлнээр авч үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

“... 2022-2023 оны хичээлийн жилд манай 5-р ангийн нийт 10 бүлгийг хариуцаж ажиллаж байсан сургалтын менежер Д.Ц нь сурагчдын монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах гэж байсан мөнгөнөөс өөрийн албан өрөөндөө буйдан авах зорилгоор анги тус бүрээс 150.000 төгрөг хураан авсан. Үүнийхээ дараа дээрх мөнгийг бага байна гээд голж дахин анги тус бүрээс мөнгө хураана гэсэн. Үүнийг багш нар хоорондоо ярилцаж байгаад анги тус бүрээс 50.000 төгрөг нэмж хураалгахаар болсон. Уг шийдвэрийг багш нар нааштай хүлээж аваагүй ч сургалтын менежерд  хэлэхээсээ бүгд айсан. Би дээрх 50.000 төгрөгийг өөрийн хувийн мөнгөнөөс өгсөн. Сурагчдын монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах мөнгө тухайн үед дуусчихсан, бүгдийг нь сурагчдад зарцуулсан тул  өөрөөсөө өгөхөөс өөр аргагүй болсон ...”

Харин сургалтын менежер ийн мэдүүлжээ

“...Би болсон бодит байдлыг ойлгож байгаа. Багш нарын эцэг эхчүүдээс мөнгө цуглуулсан мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг цуглуулж өгсөн дээр би маргахгүй. Гэхдээ би гэмт хэргийн шинжтэй гэж мэдэхгүй байна. Манай багш нар энэ мөнгийг хуралдаад өөрсдийнхөө монтажны мөнгөнөөс, өөрсдийнхөө санаачилгаар өгсөн байгаа.  Харин Д.Ц менежерийн санаачилгаар зохион байгуулж хурааж авсан мэтээр ярьж, би санаачилсан болж байгаад харамсаж байна. Манай багш нар цуглуулж өгсөн. Зун амарсан байсан. Намар ирээд өгөх гэсэн чинь АТГ-аас болоод явсан. Тэгээд бужигналдаад хойшлуулчихсан. Ингэж явсаар байгаад 12-р сар болсон. Тэр мөнгө нь над дээр байж л байсан. Би энэ үйлдлийг гэм буруутай гэж үзэж байгаа бол би хүлээн зөвшөөрч байна ...”

 

Шүүх сургалтын менежерийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ