АН-ын гишүүн О.Магнай Ливaны иргэн Мoxaмaд Зуxуэр Итaны дөрвөн тэрбум төгрөгийн үл xөдлөx xөрөнгө буюу Баянгол дүүргийн 2-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3000 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай 1,1 тэрбумын төсвөөр 70 хувийн гүйцэтгэлтэй баригдсан барилгын өмчлөх эрхийг 724 сaя төгрөгөөр үнэлэн ээжийнхээ эзэмшлийн кoмпaнид шилжүүлж aвсaн гэх хэрэг дуншсаар удлаа. О.Магнайн ээжид давуу байдал бий болгосон гэх энэ хэрэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, тус дүүрэг хариуцсан тасгийн дарга Х.Саруул, Б.Батцэрэн нар холбогдсон. Хурандаа нь тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул, Б.Батцэрэн нараар дамжуулж шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуунд албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, “илүү хурдан шуурхай ажиллагаа явуул, яг наад материалаа хурдан шийд, одоо гараад шийд, үр дүн гарга” гэх зэргээр удаа, дараа үүрэг чиглэлийг өгч бусад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж яллагдсан.
Хэргийн талаар О.Магнай ийн мэдүүлжээ.
“... 2024 онд хүн яаж хэлмэгдүүлж болдгийг өөрийн биеэр мэдэрч байна. 2013 онд байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар нөгөө тал гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байна гэж манай тал цагдаад өгөхөд цагдаагаас иргэний хэрэг гэж үзсэн. Гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж, манай тал ялсан. Хэн ч хуурамч гэрээ байгуулсан гэж гомдол гаргаагүй байхад намайг хуурамчаар гэрээ хийсэн гэж үзэж, залилах гэмт хэрэгт яллагдагчаар татсан. 2018 онд би дарга биш иргэн байсан. Би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргатай очиж уулзахад надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын хэрэг үүсгэсэн. Дараа нь шүүхийн шийдвэртэй нь холбоотой дахин уулзахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн. Яллах дүгнэлтэд намайг АН-ын ЕНБД гэж гүтгэж бичсэн. АН-аас О.Магнай нь ЕНБД-аар ажиллаж байгаагүй гэсэн тайлбар ирүүлсэн. Гэрээ байгуулсан хууль зүйн фирмээс манай байгуулсан гэрээ мөн гэсэн бичиг ирүүлсэн, тухайн компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэсэн бичиг өгсөөр байхад намайг хуурамчаар гэрээ хийсэн гэж үзэж, залилах гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Одоо Монгол даяар намайг залилагч гэж бодож байгаа...”
Харин хурандаа ийн тайлбарлажээ.
“...Намайг О.Магнайтай уулзсаны дараа “түргэн, шуурхай ажилла, үр дүн гарга” гэж хэлснээр гэмт хэргийн зохион байгуулагч гэж ялласан. Би О.Магнайтай хоёр удаа уулзсан бөгөөд өмнө нь таньдаггүй байсан. О.Магнай нь иргэдийг хүлээж авдаг өдөр миний албан өрөөнд, ажлын цагаар өмгөөлөгчтэйгөө орж ирээд ямар хүсэлттэй явж байгаа талаараа хэлсэн. Би хэрэг маргааныг нь мэдэхгүй тул хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийг нь дуудаад “Хүсэлтийг нь хуулийн дагуу хурдан, шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэж хэлсэн болохоос ямар нэг илүү үүрэг, даалгавар өгөөгүй. Энэ талаар шүүх хуралдаанд гурван шийдвэр гүйцэтгэгч “Цогжаргал хууль бус үүрэг даалгавар өгөөгүй” гэж, гэрч Мөнхбаяр “Цогжаргал хурандаа хуулийн дагуу хурдан шуурхай ажиллаарай гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. О.Магнай надтай хоёрдахь удаагаа уулзахдаа “Танайхаас миний газар дээр хориг тавьсан байна, хоригийг цуцлаадах” гэсэн. Би шийдвэр гүйцэтгэгчийг дуудан яагаад хориг тавьсан талаар асуухад “өндөр үнийн дүнтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тул хориг тавьдаг” гэсэн тул энэ талаар О.Магнайд тайлбарласан. Тухайн хориг нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа. Би О.Магнайтай 2018 онд хоёр удаа уулзсан, Сүхбаатар дүүрэгт хоёр таарсан бөгөөд амьдралдаа дөрвөн удаа л таарсан хүнтэй намайг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн...”
Шийдвэр гүйцэтгэгч асан Г.Идэрчулуун нь дээрхи дутуу баригдсан обьектыг О.Магнайн ээжид шилжүүлэн өгөхтэй холбоотой албан бичигт Ц.Цэцэнбилэгээр гарын үсэг зуруулахын тулд түүнд “асуудлаа дуусгахгүй бол чам дээр Зөрчлийн хэрэг үүсгэнэ, эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорино...” гэх зэргээр эрх чөлөө, хүсэл зоригийнх нь эсрэг тулган шаардаж, дарамталж заналхийлсэн гэмт хэрэгт нэмж холбогджээ. Анхан шатны шүүх хэргийг прокурор руу буцаахаар шийдвэрлэснийг прокурор эсэргүүцсэн. Харин давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.