2022 оны хамгийн дуулиант хулгайн хэргийн нэг нь шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд байрлах “Миний зах”-ын доод талын гараашинд байрлуулсан “Нарантуул” захын үнэт эдлэлийн наймаачин Л.Б ... -ийн “Ланд-200” машины цонхыг хагалан 411 сая төгрөгийн үнэ хүрэх, нийт дөрвөн кг жин татах алтан ээмэг бөгж, гинжээр дүүрсэн дөрвөн хайрцагтай цүнхийг хулгайлсан хэрэг юм. Энэ хэргийн голлох зохион байгуулагч нь өмнө нь нэг удаа ял шийтгүүлж байсан М.Мөнхбат байжээ.
“... Миний зээлийн хүү нэмэгдээд хүмүүс мөнгөө нэхээд байхаар нь Нарантуул зах дээр алт үнэт зүйл зардаг хүний юмыг хулгайлах санаа төрсөн ...”
Ингээд тэрээр захаар бүтэн сар явж “судалгаа” хийгээд үнэт эдлэлийн наймаачин Л.Б-г “онилжээ”. Өдөржин лангууг нь эргэж тойрон ажиглаж орой тарахад нь гарааш, гэр хүртэл нь дагадаг. Захаас буухдаа лангууны алтан эдлэлүүдээ цүнхэнд хийгээд заримдаа машиндаа орхидог, заримдаа гэр лүүгээ аваад ордогийг нь хүртэл мэджээ. Ингээд 6-р сарын 3-ны тэр үйлт өдөр гараашд машинаа тавихдаа бүх алтан эдлэлүүдээ хийсэн цүнхээ орхиод буухыг нь харсан байна. Ийнхүү “ажиллагаа” эхэлжээ. М.Мөнхбат бусдын гараар могой бариулахаар шийдэж “гүйцэтгэгч” олохоор фейсбүүкийн “Элэг бөөрний донор”, “Мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” гэх зэрэг группэд “яаралтай мөнгөний хэрэг гарсан 2-3 хүнтэй хамтарч ажиллана” гэсэн зар оруулсанд Э.Нямдаваа хараад холбогджээ.
“... Гэртээ байхдаа “Мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” гэсэн фейсбүүк групп рүү орж үзэхэд “мөнгө хэрэгтэй 2-3 хүн байвал хийх ажил байна" гэсэн зар тавьсан байсанд цэнхэр том халимын зурагтай нүүр хуудастай танихгүй хүнтэй чатаар холбогдсон. Тэр хүн надаас “хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ” гэж асуухаар нь би “5-6 сая төгрөг хэрэгтэй байна” гэхэд шууд “20 сая төгрөг өгье, машинаас цүнх авна, ямар ч асуудал байхгүй, өөр хүн байна уу, тэгвэл сайн шүү, 20-21-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд 1-р хороололд уулзъя” гэж тохирсон …”
Э.Нямдаваа өөрийн найз болох өмнө нь нэг удаа ял шийтгүүлсэн Г.Мөнх-Оргил рүү ярьжээ.
“... Гэртээ амарч байтал найз Нямдаваа залгаад “боломжийн цалинтай ажил байна хоёулаа хийх үү” гэсэн. Машинаас цүнх хулгайлж өгөх юм байна гэж ойлгоод “хэдэн төгрөг өгөх юм бэ” гэж асуухад 20 сая гэсэн. Э.Нямдаваа “нөгөө хүн та хоёр хоёулаа худлаа байхаа, дахиад 2-3 хүн олчих гэж байна” гэхээр групп чат нээгээд “машинаас цүнх аваад өгөх хулгайн ажил байна, нэмж хүн авъя” гэж ярилцсан. Ингээд Б.Ням, Э.Анхбаяр гээд дүү нар ороод ирсэн...”
Э.Нямдаваа “хаалга цонх онгойлгодог мэргэжлийн хүн байна уу” гэхэд Б.Ням нь өмнө нь таван удаа ял шийтгүүлж байсан “мэргэжилтэн” С.Тэмүүжинг дууджээ. Тэд шөнийн 03 цагт Саппород уулзаад ажилдаа оржээ. “Мэргэжилтэн” нь гарааш руу орж бусад нь манаачийг харж үлджээ. Азаар манаач ах нам унтаж байсан гэнэ. Обьектыг “Тамган секюрити” хамгаалж байжээ.
“... Машиныг олоод зүүн талын арын гурвалжин шилний доод хэсгийн жийргэвч резин рүү хасах отвёрка хийж хөшиж цонхны шилийг цуулан завсар гарахаар нь гараа хийж шилийг үүрүүлэн дотор талаас нь түгжээг нь тайлтал машины дохиолол маш чанга дуугарсан. Би сандраад шууд гараашнаас гарахад манаач унтаж л байсан. Би буцаж машин дээр очоод зүүн талын хойд хаалгыг гадна талаас нь татахад онгойгоогүй. Тэгэхээр нь хагалсан цонхоороо гараа оруулан дотор талаас нь түгжээг тайлахад дахин дохиолол дуугарсан. Би ахин үүдэнд ирэхэд манаач ах сэрэхгүй байсан. Буцаж машин руу гүйж очоод ачааны хэсэг рүү харахад ногоон дөрвөлжин цүнх байхаар нь авсанд маш хүнд, үүрээд явахад шажигнаж дуугарсан. Нямтай цүнхийг үүрээд гараашнаас гарч шууд байрнуудын дундуур алхаж машин дээрээ ирээд хөдөлсөн …”
“Ажил олгогч” М.Мөнхбат цүнхээ аваад “гүйцэтгэчид” нартаа цалинг нь тавьжээ.
“…Сонгоод авах юм уу гээд дараагийн хайрцгийг нээхэд дотор нь чулуун шигтгээтэй арай том том бөгжнүүд байхаар нь тэрийг нь авъя гэхэд шууд хайрцагтай нь надад өгч “наадах чинь 20 сая төгрөг хангалттай хүрнэ, дараа том ажил байгаа шүү, арай унац ихтэй" гэж хэлээд гар бариад машинаас бууж цүнхээ үүрээд яваад өгсөн ...”
Хохирогч өглөө алтан эдлэлүүдээ алдсанаа мэджээ.
“... Машин дотор байсан ногоон өнгийн үүргэвч дотор дөрвөн хайрцагт бүгд алтан ээмэг бөгж гинж байсан бөгөөд бүгд нийлээд дөрвөн кг татна. Нийт үнэ нь зах зээлийн ханшаар 600 саяд хүрнэ. Үнэт эдлэлийн яг тийм тийм гэсэн жагсаалт байхгүй би өөрөө нягталж харж байгаад жагсаалт гаргаж өгье. Би эд зүйлсээ буцааж аваад яг юу юу дутсан гэдгийг шууд хэлж чадна. Яагаад гэвэл би өдөр болгон үнэт эдлэлээ бүртгэж, орой болгон зургийг дарж баримтжуулдаг ...”
Цагдаа шуурхай ажиллаж энэ хэргийг дор нь илрүүлсэн. М.Мөнхбат олзоороо өрөө дарж ч амжилгүй баригджээ. Түүнээс 249 ширхэг, “ахлах гүйцэтгэгч” Э.Нямдаваагаас 43 ширхэг үнэт эдлэл хураан авсан байна. “Мэргэжилтэн” Э.Тэмүүжин өөрийн хувиасаа 33 сая төгрөгний ээмэг бөгжийг хадгалж байгаад “алга болгосон” гэж мэдүүлжээ. Гэмт хэрэгтнүүд баригдах үеэр “ажил олгогч” М.Мөнхбат Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн үүдэнд машинаас буугаад л зугтаасан байна. Түүний араас хөөсөн залуу үүдэн шүдээ хугартал өшиглүүлжээ.
“... Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн замын хажуугийн “Сити хуушуур” цайны газрын тэндээс “наад хүнээ бариад аваарай” гэх дуу сонсогдсон. Хартал том цүнх үүрсэн залууг нэг цагдаа хөөж байсан. Зугтааж байсан залуу миний хажуугаар өнгөрөхөөр нь би араас нь хөөсөн. Тэр залуу хогийн бункер даваад гарахаар нь дагаад хашааг нь даваад буутал намайг жийж унагаад цаашаа гүйгээд дахиад хашаа давсан. Би босоод ахин араас нь хөөж барьж аваад ноцолдсон. Хоёр машины дунд зууралдаж байгаад цээжээр нь тэвэрч мордоход тэр залуу машины дугуйны обудыг мөргөж унасан. Унахдаа барьж явсан том цүнхээ машин давуулаад шидсэн. Эргээд миний нүүр лүү өшиглөхөд хамар амнаас цус гарч, үүдэн шүдний доод тал хугарсан. Энэ үеэр хөөж байсан цагдаа амжиж ирж бид хоёр тэр залууг дарж унагаад гавласан ...”
Шүүх гэмт хэрэгтнүүдэд 2-3 жилийн хорих ял оноожээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.