Ийм нэгэн хэрэг гарчээ. Өдгөө 52 настай, бариа засалаас гадна бөөгийн зан үйл хийдэг гэх дуу чангатай эмэгтэй Д.А нь бөөгийн зан үйл хийх явцдаа хохирогч Н.Д-г “бурхан шүтээн дээр суусан” гэх шалтгааны улмаас үснээс нь зулгааж, биеийг маажих, чимхэх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, цээж, хэвлий, баруун шуу, зүүн бугалга, нуруу, баруун суганд зулгаралт, дух, эрүү, цээж, зүүн хөх, нуруу, баруун гуя, зүүг шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогджээ. Түүнээс гадна хохирогч нь “мөнгө нэхээд надаас бэлнээр 1,6 сая төгрөг, миний барьж байсан Самсунг А21 эс загварын гар утас, цагираган монетон ээмэг, 24 ширхэг пиво дарамталж авсан” гэсэн гомдол гаргасан байна.
Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлжээ.
“...Манай дүүгийн охин Эх нялхасд хагалгаанд ороод ухаан орохгүй байсан. Ээж маань найз Х-дээ зээгийнхээ биеийн байдлыг хэлсэн гэсэн. Тэгээд Х нь нэг удганд хэлсэн юм шиг байна лээ, манай ээж рүү ... дугаараас залгаад “танай зээ үхэж байна, яаралтай ирж уулз” гэсэн. Эхлээд ээж найз Х-ийн хамт Д гэх удганыд очоод намайг дуудахаар нь Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо ... тоотод байх хоёр давхар тоосгон байшинд найз Д-ын хамт 21 цагийн үед очсон. Ороход өөрийгөө 55 настай, Д удган гэх дуу чангатай хүүхэн сууж байсан. Би ээжийг аваад гарах гэхэд наашаа суу гээд хажуудаа суулгасан. Тэгээд надаар гурван хүний нэр бичүүлээд, нэгийг нь сонго гээд “би дүүг чинь аварна, чи үхсэн ч гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөд дүүгээ эмнэлгээс аваад ир” гэхээр нь би “тийм зүйл байхгүй” гэхэд “эмч нар хүүхдийг чинь алж байна” гэсэн. Манай дүүг аврах зан үйл хийнэ, дүүгийнхээ тоглоом, өмд, цамцыг авч ир гэхээр нь би найзын хамт явж ирээд эргэж ороход юм өгөөгүй гээд байхаар нь машинд байсан 24 ширхэг шилтэй “Хопс” пиво авч орсон. Ингээд шөнийн 00 цагт зан үйлээ эхэлж биднийг 03 цаг хүртэл сөхөрч суулгаад огт босгоогүй. Тэгээд намайг сэржим өргө гэсэн. Бүхэл бүтэн гурван цаг хөдөлгөөнгүй сөхөрч суусан болохоор хөл бадайрч чинэрэн мэдээ алдсан. Тэгээд сэржим өргөхөөр босох гэтэл хөл гуйвж салганан өөрийн мэдэлгүй авдар дээр нь өгзөгөөрөө унасан. Тэгтэл удган “чи миний тахил шүтээн дээр бөгсөө тавьдаг хэн бэ” гээд үснээс зулгаан татаж унагаад дээр гарч биеийн бүх хэсэг рүү цохиж, чимхэж, маажиж зодсон. Манай ээж, бас найз болиулах гэхэд “та нар хойшоо бай” гэж орилоод ойртуулаагүй. Хамт байсан түшээ нь гэх залуу ч гэсэн “та нар хойшоо бай” гээд байсан. Сүүлдээ ээж аргаа бараад “удганаас уучлалт гуй” гэхээр нь би уучлалт гуйж, дүүг минь авраач гэхэд “одоо дүү чинь үхчихсэн байгаа, чи надад юутай ирсэн юм, ээж чинь 100-хан мянган төгрөг өгчхөөд хүний амь авруулна гэж юу байсан юм” гээд өгсөн мөнгийг миний урдаас шидсэн. Тэр үед өглөөний 07 цаг болж байсан. Тэгээд биднийг хөөсөн. Тухайн үед миний ээмэг, гар утас, пиво зэрэг зүйлсийг удган гэх эмэгтэй хүч хэрэглэхгүйгээр ямар нэгэн зан үйлийн холбоотой зүйл хийгээд авсан. Манай ээж “наад нэхээд байгаа юмыг өгсөн нь дээр байх. хүүхдийн бие муу байгаа юм чинь ямар нэгэн зан үйлтэй холбоотой байх” гэхээр нь би өөрөө өгсөн. Ямар нэгэн залилах, дээрэмдэх, хулгайлах асуудлаар авсан юм байхгүй...”
Охиноо зодуулж байхад хараад сууж байсан ээж нь ийн мэдүүлжээ.
“...Тэгээд бид нарыг хажуудаа сөхрүүлж шөнөжингөө суулгаад 03 цагийн үед охин босох гэтэл хөл алдаад авдар дээр ньунахад удган эмэгтэй уурлаж охиныг үсдээд алгадаж, толгойг нь салтаандаа хавчаад зодоод байсан...”
Зодуулсаныг нь хамт очсон найз нь ч баталжээ.
“... Биднийг сөхрүүлж суулгаад бүгдийг нь архи, пивоор шахсан. Манай найзын нүүр рүү ууж байсан пиво, архиа амаараа цацаж тургисан. Шөнийн 03 цагт найз сэржим өргөхөөр босохдоо хөл нь гуйваад ширээн дээр нь унахад “чи миний тахил шүтээн дээр суудаг хэн бэ” гэж уурлаад дороо хийгээд зодсон. Тэгээд өглөөний 06 цаг хүртэл зодсон...”
Харин удганы түшээ болох С.Г нь зодоогүй гэжээ.
“...Би энэ хүний түшээг сүүлийн долоон жил хийж байна. Шөнийн 02 цагийн үед багш амрах гэтэл тэд “амраахгүй, бид ч гэсэн маргааш ажилтай” гээд агсам согтуу тавиад багшийн араас нэг удаа өшиглөсөн. Тэгээд тухайн эмэгтэй манай багшийн авдар дээр суугаад “та нарыг бүгдийг чинь буудаж ална” гээд байсан...”
Шүүх чанга дуутай удганыг 600 мянган төгрөгөөр торгожээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.