alim.mn | 2024.12.22
Банкны картын кодыг нь хэлүүлэхийн тулд нүцгэн биен дээр нь будаг шингэлэгч асгаад шатаажээ

Энэхүү аймшигт хэрэг Чингэлтэй дүүргийн 11-р хорооны Нуурын 16-2...–д орших нийтийн байрны 11 тоотод болжээ. Нүүрэндээ шивээстэй 22 настай Тээмка буюу У.Т нь 19 настай эхнэр Ууганаа буюу Э.У, өмнө нь ял шийтгүүлж байсан 26 настай Н.Э болон өсвөр насны эмэгтэй Б.Р, Э.Э нартай бүлэглэн хохирогч А.Б-гийн 667 мянган төгрөгний үнэ бүхий банкны нууц дугаар, гар утас, цаг зэргийг авахын тулд цохиж өшиглөн, хутга заазуураар сүрдүүлэн улмаар нүцгэн биеэн дээр нь будаг шингэлэгч асган шатаасан хэрэгт холбогджээ. Хохирогч нь өсвөр насны эмэгтэй шүүгдэгчтэй цахимаар танилцжээ.  

“... Фейсбүүкээр Хандмаа гэх охинтой танилцсан. Тухайн үед уурхайгаас буугаад хотод ирэхэд тэр охин холбогдож улмаар түүний түрээсийн байранд очиж уухаар болсон. Би замдаа дөрвөн ширхэг “Сэрүүн” 2,5 литрийн савлагаатай пиво аваад очиход нүүрэн дээрээ шивээстэй Тэмка гэх залуу байсан. Ууж байхад Тэмка  “чи маньдаа цагаа өг, би дээрэм хиймээргүй байна” гээд байхаар өгсөн. Миний санаж байгаагаар удаагүй гаднаас хоёр дүү нь гээд залуучууд орж ирсэн. Гэнэт Тэмка намайг зодоод “хувцсаа тайл, гутлаа тайл” гээд цохисон. Намайг зодож байхад Хандаа, Тэмкагийн эхнэр, хоёр дүү нь хараад зогсож байсан. Дотуур өмдтэй үлдээгээд дахиад зодсон. Миний санаж байгаагаар  хоёр нь  миний банкны картыг аваад гарсан. Хэсэг хугацааны дараа “п-да минь АТМ дээр оччихсон байна, кодоо хэл” гээд зодоод байсан. Кодоо хэл гэж зодож байгаад нэг нь шууд миний дээрээс цэнхэр бичигтэй, усны хуванцар савтай шингэн цацаад шатаасан. Биеэн дээр гал дүрэлзэхэд тэсэхийн аргагүй өвдөн өрөөнөөс гарч зугтаасан...”

Ирсэн хоёр дүүгийн нэг болох Н.Э ийн мэдүүлжээ.

“…Биднийг ороход Тээмка танихгүй эрэгтэй хүнтэй пиво уугаад сууж байсан. Удалгүйтэр хоёр маргалдсан. Тэмка тэр залуугийн хамаг хувцсыг нь тайлуулж банкны карт, гар утас зэргийг нь дээрэмдсэн. Эхнэр нь банкны картыг нь аваад мөнгө авахаар АТМ руу явсан. Удалгүй залгаад “код нь буруу байна” гэсэн. Тэмка кодыг хэлүүлэх гээд гартаа хутга бариад зодоод байсан. Эхнэр нь цэвэр усны савтай будаг шингэлэгч үнэртэж мансуурч байгаад хажуудаа тавьчихсан байсан. Тэр залуу банкны картны кодоо хэлэхгүй байсан чинь Тэмка будаг шингэлэгчийг нүцгэн бие дээр нь  асгаад асаагуураар гал асаачихсан. Бөөн гал гарч нөгөө залуу гараад зугтаасан...”

Тээмкагийн эхнэр ийн мэдүүлжээ.

“... Хохирогчийг дээрэмдэхээс өмнө Б.Р надад хандаж “Наад залуу чинь хөдөө уурхайд ажилладаг мөнгөтэй юм байна. Тээмкад хэлж дээрэмдүүлээд хөөгөөд явуулья” гэсэн ...”

Нийтийн байранд амьдардаг гэрч ийн мэдүүлжээ.

“... Манай охин нийтийн байрны коридорт найзуудтайгаа тоглож байгаад " гал гал” гэсээр орж ирсэн. Гараад  харахад 11 тоотод амьдардаг нүүрэндээ шивээстэй Тээмка гэдэг залуу дотоожноос өөр хувцасгүй нүцгэн эрэгтэйтэй коридорын шалан дээр хэвтэж байсан. Нүцгэн залуугийн бие дээр гал асаж, тэр залуу Тээмкагийн бүсэлхийгээр нь хоёр гараараа тэвэрчихсэн, Тээмка нь шалдан залууг өөрөөсөө салгах гээд тийрч өшиглөж харагдсан. Би хувинтай ус авч ирээд тэр залуу луу цацаж галыг нь унтраасан. Тэр залуу аймаар орилсон. Тээмка өрөөндөө буцаж ороод удалгүй саравчтай малгайтай залуутай хамт гарч ирээд  нь шатсан нүцгэн залууг нийтийн байрны 2-р давхрын гадна талын эгц өндөр шатны уруу өшиглөж доош унагаасан. Юу болсоныг асуухад  Тээмка “шатсан хүн гаднаас орж ирээд намайг бариад авсан” гэсэн ...”

Нийтийн байрны жижүүрийн хэлсэнээр уг шат нь  согтуу байтугай эрүүл хүн ч унаж үхмээр огцом өндөр шат аж. Гэмт этгээдүүд хохирогчийг нийтийн байрнаас гаргаад гудамжинд хаяжээ. Тэрээр арайхийн буцаж орж нэг оршин суугчийн утсаар ах эгч нар луугаа ярьжээ.

“... Биднийг очиход дүү ямар ч хувцасгүй нүцгэн, бүх бие нь түлэгдсэн байдалтай, орны бүтээлэг нөмөрсөн шокын байдалтай сууж байсан. Гараас нь барихаар арьс нь салж унасан,  толгойтой үс нь шатчихсан хэншүү, хярвас үнэртээд маш хүнд байсан. Болсон явдлын талаар хэлж ярих ямар ч чадваргүй, өвдөж шаналсан, уйлсан байдалтай байсан...”

Эмнэлгийн дүгнэлт ингэж гарчээ.

 “...Өвчтөний биеийн байдал маш хүнд, биеийн гадаргуугийн 65-70 хувь “3Б” зэргийн гүн түлэгдэлтэй, халдварын хордлоготой, амь насанд аюултай байна ...”

Гэмт этгээдүүд хэргийн газраас зугтаасан ч удалгүй баригджээ. Анхан шатны тэдэнд 2-13 жилийн хорих ял оноожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нараа
3 сарын өмнө
202.126.88.174
Хаха 2 жил үү. Монголын энэрэнгүй хууль мандтугай
Төстэй мэдээ