alim.mn | 2024.12.22
70 саяын залилангийн хэрэгтэн хятад иргэн мөрдөгчийн халаасанд 100 мянган төгрөг шургуулах гээд баригджээ

Өвөр Монголын Жирэм аймагт төрсөн 44 настай, “Хөнгөн гэгээ орд” компанид орчуулагчаар ажиллахын хажуугаар Их сургуулийн Бизнесийн удирдлагын сургуулийн докторантурд суралцдаг гэх Ванг Байгал/Wang Baigala/ нь өөрт нь холбогдсон “279 мянган юань шилжүүлж залилуулсан” хэмээх хэргийг шалгаж байсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмадын халаасанд 100 мянган төгрөг хийхийг завджээ.

Болсон явдлын талаар цагдаагийн мөрдөгч ийн мэдүүлжээ.

“...Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хохирогч, сэжигтэн нараас мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахад өвөрмонгол иргэн миний ... тоот өрөөнд ирсэн. Намайг гарахад “халууцаад байна, гадаа гарчихаад ирье” гээд дагаж гарсан. Хэлтсийн үүдээр гараад баруун талаар тойроод явж байхад өвөрмонгол иргэн нь гэнэт хуйлсан мөнгө гаргаж ирээд миний халаасанд хийхийг оролдсон тул энэ талаар удирдах албан тушаалтанд мэдэгдэж илтгэх хуудас бичиж өгсөн...”

Харин Ванг Байгал нь цагдаад хоол, тамхины мөнгө өгөх нь байдаг л зүйл хэмээн тоомжиргүй мэдүүлжээ.

“...Би Хан-Уул дүүргийн цагдаад хүнээс 70 гаруй сая төгрөг авсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Тамхи авч татаад хоолонд орог гэж бодоод цагдаагийн ахмадын халаас руу 100,000 төгрөгийг хийх гэсэн боловч мөрдөгч аваагүй. Харин өөрт нь хахууль өгөх гэсэн гээд миний биед үзлэг хийж мөнгийг  хурааж авсан. Манай Өвөрмонголд цагдаагийн алба хаагчдад хоол авч идээрэй, тамхи аваад татаарай гээд бага хэмжээний мөнгө өгөх, талархах асуудал бол байдаг л зүйл учраас адилхан санаад өгөх гэсэн юм...”

Шүүх хятад иргэнийг долоон сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ