Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын газар газрын хэвлий түүний баялаг ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар, нутаг, газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Ариунзаяа нь тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Вэстэрн Монголиан Девэлопмент” ХХК-иар Удирдлагын академийн дансанд сургалтын төлбөр болох 1.620.000 төгрөгийг шилжүүлж, улмаар хоёр удаа сургалтын төлбөр төлсөн үндэслэлээр тус академиас 1.620.000 төгрөгийг өөрийн нэр дээрх арилжааны банкны дансанд авсан гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр Удирдлагын академийн сургалтын төлбөрөө хувиараа төлсөн байсан гэнэ. Гэсэн ч “Вэстэрн Монголиан Девэлопмент” ХХК-ийг “хөөрхөн” молигодсон байна.
Ийнхүү “сэргэлэнтсэн” нь “Вэстэрн Монголиан Девэлопмент”-ийн төлбөр төлсөн шилжүүлэг, Удирдлагын академид гаргасан төлбөрийн илүү төлөлтөө буцаан авахыг хүссэн өргөдөл, тус академиас илүү төлөлтийг буцаан шилжүүлсэн зэргээр нотлогдож хэргээ хүлээжээ.
Шүүх түүнд нэг жилийн тэнсэн оноож нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасжээ.