Одоогоос хоёр жилийн өмнөх өвөл Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт орших нийслэлийн ОБГ-ын харьяа гал түймэр унтраах 14-р ангийн хашаанд гал унтраагч тээврийн хэрэгсэлийн жолооч гараашнаас гаргах үедээ мөс арилгаж байсан албан хаагчийг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн шүүх хурал удтал дуншсаны эцэст саяхан болсон. Амь хохирогч нь гал сөнөөгч агаад шөнийн ээлжинд ажиллаад буух ёстой байсан ч ээлжийнхэнд нь мөс арилгах үүрэг иржээ. Харин хэрэг гаргасан жолооч нь ээлжиндээ ирсэн байжээ. Энэ хэргийг шалгах явцад онцгойн машин техникийн бүрэн бүтэн байдлын талаар ноцтой баримт яригджээ. Үүнийг шүүгдэгч гаргаж тавьсан байна.
“...Нэг хэлтсийн дор гурван анги байдаг. Уг гурван анги дээрх тээврийн хэрэгсэл, механикийг автын механик Г гэдэг хүн хариуцаж ажилладаг байсан. Уг машиныг эвдрэл гэмтэлтэй, ашиглалтын хугацаа дууссан гэж удаа дараа хэлж байсан боловч актална гэж хэлээд өдийг хүртэл актлаагүй албанд ашиглаж байсан. Мөн бүх тээврийн хэрэгслийг улсын үзлэг, оношилгоонд оруулдаггүй, автын механик жил бүр Авто тээврийн үндэсний төвийг гуйж үзлэг оношилгоог даруулдаг байсан бөгөөд үүнийг ангийн алба хаагчид бүгд мэддэг байсан. Миний жолоодож явсан машины ашиглалтын хугацаа дууссан, хээгүй халзан дугуйтай, гаражаас гарах явцад өмнөх өдөр нь талбайг усалж угаасан тул мөстсөн байсан. Дээр нь гаражийн талбай уруу учраас машиныг ямар ч зогсоох боломжгүйгээс хохирогчийг дайрч амь насыг нь хохироосон. Мөн миний цуснаас сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн шинжээчийн дүгнэлтийг яагаад ч зөвшөөрөхгүй...”
Гэсэн ч шүүх сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж үзээд хоёр жилийн тэнсэн оноожээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.