alim.mn | 2024.12.22
Архангайн онцгойхны “Тамирын голын мөсийг долоох” шахан босгосон мөнгөний 19 саяар нь архивын эрхлэгч цахим мөрийтэй тогложээ

Чононд хонь хадгалалуулахын үлгэр Архангай аймгийн Онцгой байдлын газарт тохиожээ. Энд томилолтын мөнгөн дээр дээр дооргүй дураараа тоглодог болсон байна. Хэрэг өнгөрсөн онд гарсан агаад саяхан аймгийн шүүхээр шийдвэрлэгджээ. Мөн онд Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон нь сайхан далим болжээ. Тус газрын архив бичиг хэргийг эрхлэгч эмэгтэй Ж.А нь томилолтын мөнгөн дээр нэмж бичин мөн албан хаагчдаас хураасан засвар, бүтээн байгуулалтын гэх зэргээр босгосон 27 сая төгрөгний 19,9 саяар нь “1хвэт” хэмээх цахим бооцооны сайтад тавьж тоглоод алджээ. Болсон явдлын талаар албан хаагчид ийн мэдүүлжээ.

“... 2023 оны эхэн үеэр Архангай аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга дэд хурандаа Д.Ц намайг болон эрэн хайх, аврах салбарын захирагч Ч нарыг өрөөндөө дуудаад Архангай аймгийн 100 жилийн ойн хүрээнд албан байгууллагад засвар, тохижилтын ажил хийнэ, тэгэхээр алба хаагчдын томилолтын мөнгийг нэмэгдүүлээд өөрөөр хэлбэл алба хаагчдын томилолтоор ажилласан хугацааг нэмэгдүүлээд уг мөнгөөр байгууллагын тохижилтыг хийнэ гэсэн, тэгэхээр нь би ингэж мөнгө нэмж гаргуулж болох юм уу гэхэд болно, аймгийн 100 жилийн ойн хүрээнд хийх шаардлагатай байна гэж хэлсэн ...”
“... Миний дансанд 864.000 төгрөг орсон. Тухайн үед орсон мөнгөнөөс 150.000 төгрөгийг нь та нар авч үлдээрэй харин үлдсэн мөнгийг нь бэлнээр авчирч хураалга гэж байсан ...”
“... Яг энэ 11 алба хаагч томилолтоор ажиллаагүй. Томилолтын мөнгө авах ёсгүй ...”

Томилолтын мөнгөн дээр “ажиллах” ажиллагаанд ахлах нягтлан бодогч Н.Ч, нягтлан Н.Э хоёр ч оролцжээ

“... 2023 оны 3-р сард Ерөнхий газраас манай алба хаагчдын 2022 оны 4-р улирлын томилолтын мөнгө орж ирсэн. Миний удирдах албан тушаалтан болох ахлах нягтлан бодогч Н.Ч “хоёулаа томилолтын баримт материал дээр ажилладаг учраас цөөн хэд хоногийн томилолтын мөнгө авч болно, энэ талаар даргад танилцуулсан дарга зөвшөөрсөн” гэж хэлсэн. Ингээд ахлах бид хоёр тус бүрдээ 540.000 төгрөгийн томилолтын мөнгө авахаар болсон ...”

Хураасан цуглуулсан бүх мөнгө архивын эрхлэгч дээр төвлөрчээ.

“... Эрэн хайх аврах салбарын нэр бүхий алба хаагчдаас томилолтын мөнгө хураа гэж Ц дарга хэлсний дагуу мөнгийг бэлнээр хураасан. Хураасан мөнгийг даргад өгөх гэхэд бичиг хэргийн ажилтан А-д өг гэсэн. Би тэр өдрөө А-д бэлнээр 14.400.000 төгрөгийг тоолж өгсөн...”

Харин архивын эрхлэгч бүсгүй “Тамирын голын мөсийг долоох шахам байж” цуглуулсан мөнгөний бараг 20 саяар нь цахим мөрийтэй тогложээ. Шүүх ахлах нягтланг хоёр жилээр тэнсэж, архивын эрхлэгчийг 2,7 сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ