“Хашаа давж ороод ахынхаа муурыг аваад ирвэл 10 мянган төгрөг өгье” хэмээн хүүхдүүдийн гар утсыг залилдаг эр баригджээ
26 настай, “Өгөөж чихэр боов” ХК-д чавлагчаар ажиллаж байсан Л.Батболд нь насанд хүрээгүй зургаан хохирогчийн 200 мянгаас нэг сая төгрөгний үнэтэй гар утсыг “ахын дүү хашаа даваад муур аваад өгвөл 10.000 төгрөг өгнө шүү, утсаа унагаачихна, үлдээчих” хэмээн хуурч залилжээ.
“... Хичээл тараад гэр лүүгээ явж байтал хир болсон цагаан цамцтай, малгайтай цамцтай ах дуудааад “төмөр хашаад даваад ахынхаа муурыг аваад өгчөөч 10 мянган төгрөг өгье, ах нь багтахгүй байна” гэхээр нь дагаад явсан. Нэг төмөр хашаанд ирээд “гар утсаа үлдээчих муур аваад ирэхээр чинь өгье” гэхээр нь өгөөд хашааг даваад ороход ямар ч муур байхгүй байсан. Буцаад гараад иртэл нөгөө ах байхгүй байсан. Минийх цагаан өнгийн “Самсунг А7” загварын гар утас байсан. Тэр ах хир болсон цагаан цамцтай, бор өнгийн малгайтай, дундаж өндөртэй шанааны яс нь нэлээн том харагдсан...”
“... Байрныхаа гадаа найзын хамт сууж байх үед нэг ах ирээд орцны код асууснаа “тэнд хашаан дээр миний муур гацчихсан байна ахын дүү нар аваад өгөөч, 10 мянган төгрөг өгье” гэсэн. Тэгэхээр нь тэр хашааны тэнд нь очоод давах гэтэл тэр ах “болгоомжтой авираарай гар утсаа унагаачихна ахдаа үлдээчих” гэхээр нь өгөөд даваад ортол муур байгаагүй. Буцаад гараад ирсэн чинь нөгөө ах алга болсон...”
“... Нэг ах ирээд “дэлгүүрийн хашаан дотор миний муур орчихсон, хөл нь гэмтчихсэн, гарч чадахгүй байна, миний дүү ороод аваад гаргаад өгөөч би 10.000 төгрөг өгье” гэсэн. Тэгээд очтол “гар утсаа түр өгч бай, тэгэхгүй бол утас чинь дугараад муур цочоод зугтаачих байх” гэхээр утсаа өгөөд хашаа даваад ортол муур байгаагүй. Гараад иртэл нөгөө ах байхгүй байсан. Минийх “Редми а9” загварын гар утас, 2020 онд 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан ...”
Тэрээр хүүхдүүдийг харж байгаад голдуу 3-5 дугаар ангийнханыг сонгодог байжээ. Шүүх түүнд зургаан сар хорих ял оноожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ