Эрдэнэтийн 5 болон 17-р сургуульд математикийн багшаар ажиллаж байсан Гүнчинсүрэнгийн О ... нь ээж хүүгийн хамт амьдардаг бөгөөд хувиараа иргэдэд мөнгө зээлүүлэх бизнес эрхэлдэг гэр бүлийн Ц.С, Б.И нараас 2023 оны намар 4,7 сая төгрөгийг өдрийн дөрвөн хувийн хүүтэйгээр 11 өдрийн хугацаатай зээлжээ. Гэсэн ч зээлээ хугацаанд нь төлж чадаагүй байна. Улмаар хугацаа хэтрүүлэн 2,4 сая төгрөг төлөөд үлдэгдэл мөнгөн дээр нь нам суужээ. Зээлдүүлэгчид гэр оронд нь болон ажиллаж байсан сургууль дээр нь очижээ. Улмаар найздаа худалдсан ч нэрийг нь шилжүүлээгүй байсан хашааны газрыг нь өөрсдийн нэр дээр шилжүүлж авчээ. Энэ тухайн найз Д.А нь ийн мэдүүлжээ.
“...Тухайн үед надад хашаа байшингаа зарчихаад яг гарах гэхээр амьдрах газар алга, түр байлгаж өгөөч гэж гуйсны дагуу байлгасан. Эхнэрээсээ салчихсан, ээж хүүхдийнхээ хамтаар гурвуулаа амьдардаг. .2023 оны сүүлээс надаас авсан мөнгөө өөр зүйлд зарцуулж дээрээс нь хувь хүнээс 4,700,000 төгрөгийг зээлсэн байсан. Тэгтэл нөгөө хүмүүс нь үндсэн мөнгөнөөс гадна хүүгээ нэмээд нийтдээ 15,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэж дарамтлан янз бүрээр хэлж хүү ээжийг чинь зүгээр байлгахгүй шүү гэсэн утгатай зүйлс хэлсэн байсан. Энэ асуудлаа надад хэлж мөнгө яаж олох вэ гэж асуухаар нь надад мөнгө байхгүй гэдгээ хэлж байсан...”
Дээрх байдлаас болж багш залууд “мөнгө олох” сэдэл үүсэж түүнийгээ ямар ч хамаагүй аргаар хэрэгжүүлэхээр шийджээ.
“ ... 2023 оны 12-р сарын 19-ний өдрийн өглөө гэрээсээ мөнгө олохоор гарахдаа шар өнгийн иштэй хутга авч гарсан. Гэр хорооллын зүгт явж байгаад гэнэт “банк руу ороод айпгаж байгаад, мөнгө аваад нөгөө хүндээ гялс өгье” гэж бодоод гэр хорооллын эцсийн буудал дээр байдаг Төрийн банк руу ороод эргэлзэн бодож үүдэнд нь хоёр цаг гаруй суусан. Тэгээд захирлынх нь өрөө рүү ороод эхлээд зээлийн талаар асуугаад гарсан.10-20 минутын дараа эргэж ороод захирал залуугийн пиджакны баруун талын мөрнөөс нь татаж халааснаасаа хутгаа гаргаж ирсэн. Энэ үед хажууд нь байсан нэг эмэгтэй “хамгаалагчаа” гэж орилоход хамгаалагч орж ирэхээр нь би зугатаж гараад гадаа явж байхдаа юу хийж байгаагаа гэнэт бодоод зогсоход тэд бариад авсан...”
Тэрээр салбарын эрхлэгчид халджээ.
“... Өрөөндөө харилцааны менежер Э-гийн хамт ажлаа хийгээд сууж байхад танихгүй залуу орж ирээд надаас тэтгэврийн зээлийн бүтээгдэхүүний талаар асуухаар нь танилцуулахад “баярлалаа” гээд гарсан. 30-40 минутын дараа нөгөө залуу гэнэт зөвшөөрөлгүй орж ирээд өрөөний хаалгыг хааж миний баруун гар талаар тойрч тулж ирээд зүүн гараараа мөр хэсгээс татаж, баруун гарын суга хэсэгт нэг зүйл тулгах шиг болсон. Харахад шар өнгийн иштэй хутгаар суганы доод хэсэг рүү үзүүр хэсгээр нь тулгаад “босоод ир теллер дээр очъё” гэхээр нь гэнэт хутгатай гарынх нь сарвуу хэсгээс нь барьж мушгихад харилцааны менежер мэдэж харуулыг дуудсан. Харуул орж ирэхэд нөгөө залуу хутгаа бариад өрөөнөөс гараад гүйхээр нь харуулын хамт хөөсөн. Хөөгөөд гадаа гарахад яг урдаас нь олон нийтийн эмэгтэй цагдаа ирж байхаар нь “ наадах чинь хутгатай этгээд байна шүү” гэж хашгирахад нөгөө залуу зог тусаж зогссон. Энэ үед харуул бариад гавлаж банк руу аваад орсон. Удалгүй цагдаа ирэхэд хүлээлгэж өгсөн...”
Шүүх багш залууд 3,5 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.