Манай авто замын түүхэнд улсын чанартай замыг хувийн компанид шилжүүлж байсан удаагүй бол Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд хоёр чадсан гэдгээрээ түүхийг өөрчилжээ. Уг зам нь Өмнөговийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн уурхайгаас Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх шороон зам юм. Тодруулбал З.Энхболдын хамаарал бүхий “Страто” нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос Чойр хот дахь нүүрс боловсруулах үйлдвэр лүүгээ төлөвлөжээ. Хуулиараа улсын нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон болон аймгийн төвийг хилийн боомттой холбосон замыг улсын чанартай гэх ангилалд оруулдаг. Тэгвэл энэ чиглэл нь улсын болон орон нутгийн чанартай замгүй, зөвхөн хөрсөн замтай байсан. Хэрвээ энэ замаар тээвэр хийх тохиолдолд гурван аймгийн Засаг дарга, таван сумын ИТХ-аас зөвшөөрөл авч чиглэл тогтоолгох, авто замын ТЭЗҮ, байгаль орны үнэлгээ хийгэх гээд бөөн ажилтай тулгарна. Үүнээс зайлсхийх гол арга нь уг замыг улсын ангилалд шилжүүлэх явдал бөгөөд тэгвэл зам ЗТХЯ-ны шууд мэдэлд ирэх байжээ. “Страто”-гийн нүүрсний тээврийг өөрийн “хамаатан” шахуу “Их дэлгэмэл энгүүн” компаниар хийлгэхээр гэрээ байгуулжээ. Улмаар уг компани нь 2019 оны 6-р сарын 20-нд “авто зам, замын байгууламжийг барих, засварлах” тусгай зөвшөөрлийг сайд Б.Энх-Амгалангаас авчээ. Үүнээс ердөө дөрөвхөн хоногийн дараа ЗТХЯ-нд “Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Шивээговь чиглэлд хатуу хучилттай автозам барих хүсэлтэй тул дээрхи замын эзэмшлийг түр шилжүүлэх гэрээ байгуулах” хүсэлт өгчээ. Ингээд 7-р сарын 1-нд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангийн 227 дугаартай Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай автозамыг түр хугацаагаар эзэмших эрхийг “Их дэлгэмэл энгүүн” компанид олгох тушаал гарчээ. Энэ тушаалыг боловсруулах албажуулах үүргийг яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Доржханд, мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очир нар хийжээ. Энэ үед дарга хатагтай мэргэжилтэн лүүгээ тушаалын төсөл шидэж сүр үзүүлжээ.
Мэргэжилтэн ийн мэдүүлжээ.
“... 6-р сарын 24-нд “Их дэлгэмэл энгүүн” компаниас авто замын эзэмшлийг түр шилжүүлэх гэрээ байгуулах хүсэлт ирүүлсэн. Газрын дарга Б.Доржхандаас надад цохож эзэмших эрхийг шилжүүлэх тушаалын төсөл боловсруулах үүрэг өгсөн Энэ тушаал нь тодорхой компанийн захиалгатай гэсэн хар төрсөн учир даргад “би барилгын асуудлыг хариуцдаг, энэ асуудлыг улсын чанартай авто замын ашиглалт, засварын ажлыг хариуцдаг хэлтэст нь өгвөл яасан юм бэ” гэж дургүйлхэх маягтай хэлсэн. Гэтэл дарга “чи хийх ажлаа сонгож хийдэг болсон уу? надад яаж ажиллахыг зааж байгаа юм уу?” гээд уурлаж, “чи удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж чадахгүй бол өргөдлөө өгөөд зайлаарай” гэж загнасан. Ингээд улсын чанартай замыг хувийн компанид түр эзэмшүүлж байсан тохиолдол байгаа эсэхийг судалж үзэхэд энэ төрлийн тушаал огт гарч байгаагүй юм байна лээ. Тэгээд тушаалын төсөл боловсруулж, Д.Доржханд даргад хянуулахаар орох үед өрөөнд нь нэг эмэгтэй сууж байсан. Дарга түүний хажууд “тушаалыг ингэж боловсруулдаг юм уу” гэж уурлаад төслийг над руу шидсэн. Хийсэн засварынх нь дагуу тушаал боловсруулаад танилцуулсан. Тэр үед “тушаалыг журмын дагуу хянуул” гэдэг үүрэг өгсний дагуу холбогдох газруудад хянуулаад, засварыг дэд сайд, сайд нарт танилцуулахаас өмнө ТНБД С.Батболдод хянуулсан. Тэгэхэд “ингэж эзэмшүүлэх нь дэмий байх өө” гээд гарын үсэг зуралгүйгээр буцаагаад өгсөн. Тэгэхээр нь “ашгүй дээ, энэ тушаал гарахгүй болж байгаа юм байна” гэж бодоод өрөөндөө сууж байтал Д.Доржханд дарга орж ирээд “нөгөө тушаал юу болов” гэж асуусан. Тэгэхээр нь би “Төрийн нарийн дэмжихгүй гээд гарын үсэг зурсангүй” гэсэн. Гэтэл “надад хэлэхгүй яасан юм бэ” гээд төслийг аваад гарсан. Хэсэг хугацааны дараа орж ирээд “энэ тушаалаар бланкла” гэж хэлээд өгсөн. Хартал тушаалын төсөл дээр дэд сайд, сайд нар зурчихсан байсан. Тэгээд би бланклаад өгсөн учраас тушаал албажиж гарсан...”
Харин газрын дарга ийн мэдүүлжээ.
“... 2019 оны 4-р сард сайд өрөөндөө дуудсан. Ороход “Страто” ХХК-ийн захирал гэх А.Баттүшиг, С.Баярмаа гэх хоёр хүн сууж байсан. Сайд “энэ компанийн тээвэрлэлт зогссон маш хүнд байна” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “хатуу хучилттай замаар тээвэрлэхээс өөр боломж байхгүй” гэсэн. Гэтэл А.Баттүшиг нь “тэгвэл манайх хатуу хучилттай замаар тээвэрлэлтээ явуулах талаар хүсэлт өгье” гэсэн. Тэд гарсаны дараа сайд “З.Э. яриад байгаа юм, энэ компанийн тээвэрлэлтийг хуулийн дагуу явуулах ямар гарц байна?” гэж асуусан. Би ЕТГ-ын дарга З-гийн Э гэж ойлгоод “хатуу хучилттай замаар тээвэрлэлтийг явуулахаас өөр аргагүй” гэсэн. Удалгүй “С.” ХХК-ийн зүгээс хатуу хучилттай замаар нүүрс тээврийн үйл ажиллагааг явуулах талаар албан бичиг ирүүлсний дагуу стандарт, норм, дүрмийг мөрдөөд хатуу хучилттай замаар тээвэрлэлтээ явуулж болох талаар албан бичгийг мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очироор төлөвлүүлэн, сайдын гарын үсэгтэй явуулж байсан ...”
“Страто” компанийнхан их аархуу байснаас Зам тээврийн дэд сайд Л.Халтар хүртэл З.Энхболдын хамаарал бүхий компанийг “зүтгүүлжээ”. Өмнөговийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч ийн мэдүүлжээ.
“... 2019 оны 4-р сарын сүүлээр сумын ИТХ хуралдаад “Страто”-гийн тээврийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхэд энэ компанийнхан “Ирэх долоо хоногийн эхээр энэ замыг чинь улсын чанартай зам болгох Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал гарна” гэсэн. Тэгэхээр нь би “яахаараа бүхэл бүтэн Засгийн газрын гишүүний гарах шийдвэрийг та нар мэдэж байдаг юм?” гэж хэлж байсан. Тэгээд хурал ч тарсан, хэд хоногийн дараа тэдний хэлснээр сайдын тушаал гарч, Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Шивээговь хүртэлх орон нутгийн чанартай байсан шороон замыг улсын чанартай болгосон. Зам, тээврийн дэд сайд Л.Халтар “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ажиллах үедээ надтай уулзаад “Бадарч дарга аа, нэг яриа байна аа. “Страто” ХХК-ийн зүгээс хувийн хэвшлийг хавчиж байна, адилхан хоёр компани байхад төрийн компанийг шороон замаар тээвэр хийлгэх мөртлөө манайхыг хийлгэхгүй дарамтлаад байна гэж гомдол гаргасан” гэж хэлж байсан. Тухайн үед би надтай зориуд энэ асуудлаар уулзаж ойлголцоод ир гэсэн тодорхой даалгавартай ирсэн байна гэж ойлгосон ...”
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.