“Цаст Хан Хөхий” компаниас “яваа” хүн Сайншандын Засаг даргын орлогчид таван сая төгрөгийн хахууль өгөх гээд баригджээ
Тус компани нь өнгөрсөн онд Дорноговь аймгийн Сайншанд сумын захирагчийн ажлын албанаас зарласан гэрэлтүүлэг засварлах, өндөрт ажиллах зориулалт бүхий өргөгчтэй, сагстай машин худалдан авах 164,5 сая төгрөгийн тендерт ялжээ. Гэсэн ч нийлүүлсэн техник нь шаардлага хангахгүй байжээ.
“... Гэрээнд заасны дагуу 12-р сард сагстай өргөгч машиныг хүлээж авах комисс ажиллаж үзлэг шалгалт хийхэд тухайн тээврийн хэрэгсэл техникийн шаардлага хангахгүй байсан. Мотороос тос гоожсон, даралтын банк хагарсан, арлын дугаараар хайлт хийхэд ямар нэгэн мэдээлэл гарч ирээгүй байсан зэрэг асуудал шалтгаан байсны улмаас хүлээж авахаас татгалзсан...”
Гэсэн ч “Цаст Хан Хөхий” компани бэлэн таван сая төгрөгтэй хүнийг комиссийн дарга болох Сайншанд сумын Засаг даргын орлогч Д.Төмөрбаатар луу явуулж асуудлыг “шийдэх” гэжээ.
“... Тус компанийн нийлүүлж буй техник нь шаардлага хангахгүй байна гэж комиссоос үзсэн учир хүлээн авахаас татгалзсан. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр тус компаниас явж байна гэх 40 гаруй насны, шаравтар царайтай, дундаж нуруутай эрэгтэй хүн орж ирсэн. ирж уулзаад: “Манай машиныг хүлээгээд авчих” гэх байдлаар хандаж 5,000,000 /таван сая төгрөг/-ийн хахууль өгөх гэсэн үйлдэл гаргалаа. Шар өнгийн бичгийн хавтас барьж орж ирсэн ба тухайн хавтсандаа бичиг цаасны дунд 5,000,000 /Таван сая төгрөг/ хийж орж ирсэн байсныг нь анзаараагүй. Миний ширээн дээр байсан бичиг цаасны доогуур тус мөнгийг хийгээд гарах үед нь би мэдэж “Энэ мөнгөө аваач” гэхэд хавтас болон утсаа бариад ухасхийж гараад алга болчихсон...”
Шүүгдэгчийг Г.Ч гэдэг бөгөөд шүүх түүнийг гурван сая төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ