alim.mn | 2024.12.22
347 сая төгрөгийн орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэх УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга асан Ч.Чулуунбатыг цагтаатгалаа

УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын даргаар ажиллаж байсан Ч.Чулуунбат нь Нүхтийн аманд 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч ХОМ-доо   мэдүүлэлгүй, төрсөн дүү И.Одгэрэлийн нэрээр гэрээг байгуулж орлогоо нуусан, мөн дээрх орон сууц захиалсан 345 төгрөгийн эс үүсвэрийг хууль ёсных болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж буруутгагдсан. Харин дүү нь “...2015 оны сүүлээр одоо ахын амьдарч байгаа байрыг 110 мянган доллароор авсан. 2020 онд 75-80 мянган доллароор хувьцаа худалдаж авсан, энэ мөнгөнөөс Нүхтэд 150 сая төгрөгөөр байшин захиалж бариулсан...” гэх зэргээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллагджээ.

Болсон явдлын тухайд хамаатнууд оролцсон том наймаа явагджээ.

“...Н.Н бол манай төрсөн дүү,  Ч.Чулуунбат бол дүүгийн нөхөр, И.Одгэрэл нь Чулуунбатын төрсөн дүү. Би тоног төхөөрөмж худалдан авч, Ч.Чулуунбатад зарсан нь үнэн. Тэр үед канад компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жон Мурдок “бүх юмаа зарж байгаа, авах юм байвал саналаа хэлээрэй” гэхээр нь би “тэр Чойрт байгаа тоног төхөөрөмжийг авъя” гээд авахаар болсон. Уг өрмийн тоног төхөөрөмжийг 2014 оны хавар 5000 ам.доллараар авсан. Дөрвөн ширхэг тос хураадаг том сав /ёмкос/, түүний хөл, 2 км газрын гүн рүү ордог хоёр хос трубанууд, хураагуурын сав руу аваачдаг 30 гаруй тонн труба зэрэг зүйлүүд байсан. 30,000 билүү 36,000 ам.доллараар зарсан....”

Дээрхи тоног төхөөрөмж Дорноговийн Зүүнбаянд газрын тос олборлодог Хятадын “Доншэн газрын тос Монгол”-д зарагджээ. Тус компанийн нягтлан бодогч ийн мэдүүлжээ.

“...Ч.Чулуунбат АМГТХЭГ-т мэргэжилтнээр ажиллаж байхдаа манай компанийг хариуцаж ажилладаг байсан...”

Тус компанийн хятад ажилтан Лин Вэн Жи/Lin Wenjie/ ийн мэдүүлжээ.

“...Би тухайн үед оффисын ажилтан байсан, яг энэ гэрээний хавсралтад дурдсан саарал өнгөтэй тосны сав байсан, манай хэрэглэдэг тосны савнаас өөр өнгөтэй, тэрхүү савыг тухайн үед Монголоос авсан сав гэж ажилчид ярьж байсныг санаж байна. Манай компани бүх тоног төхөөрөмжөө БНХАУ-аас захиалж авдаг, яагаад энэ тоног төхөөрөмжийг Монголоос авсан талаар мэдэхгүй байна...”

Ч.Чулуунбат энэ наймааныхаа талаар ийн мэдүүлжээ.

“... Орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулж үйл ажиллагаагаа зогсоосон канад компанийн тэр тоног төхөөрөмжүүдийг 15,000 билүү 60,000 ам доллараар худалдаж авсан. Тэгээд “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн захирал Сүн Хай Путай яриад  240 орчим мянган ам.доллараар зарсан. Энэ наймаанаас олсон ашгийг “Монголиан петролеум деволопмент” ХХК-ийн дансаар аваад дүү И.Одгэрэлийн хувийн дансанд шилжүүлж, одоо ашиглаж байгаа орон сууцыг ээжийнхээ нэр дээр худалдаж авсан. Нүхтийн аман дахь амины орон сууцыг мөн л дээрхи  ашгаас  худалдаж авсан. Төрсөн дүү И.Одгэрэл гэрээг хийсэн. Тухайн үед тэр тоног төхөөрөмжийг хадам эгчээс дүү авч өөрийн компаниараа гэрээ байгуулан зарсан, тэр компанийн мөнгө. Тэр орлого бол манай дүүгийнх гэсэн үг ...”

Шүүх энэ хэргийг хэлэлцээд Ч.Чулуунбатыг “...бусдын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан, бусдын нэрээр амины орон сууц бариулах гэрээг байгуулж, өөрийн хөрөнгө, орлогоо нуусан, дээрх 347,254,000 төгрөгийн хөрөнгө, орлогын эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна...” хэмээн цагаатгажээ. Мөн төрсөн дүүг нь “...2014-2015 онд болсон үйл явдлыг 2021 онд буюу үйл явдал болсноос хойш 6-7 жил өнгөрсний дараа болсон үйл явдлыг дүрсэлж, эргэн санаж мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг үгүйсгэсэн, гуйвуулсан үйл баримт тогтоогдохгүйн дээр өрмийн тоног төхөөрөмж худалдан борлуулж олсон хөрөнгийг юунд зарцуулсан талаараа цаг хугацаа, үйл баримтыг дүрслэн ярьсныг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй...” гээд мөн цагаатгажээ. Ч.Чулуунбат нь нэг хоног цагдан хоригджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 сарын өмнө
203.91.115.51
Сумкатай үзэл бодол таараагүйн улмаас баахан шалгагдаж хохирлоо доо. Одоо хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй. Мөн шатахуун импортын мафийг илрүүлж шүгэл үлээвэл Монгол Улсын маань газрын тос, авто тээвэр, замын салбарын хөгжилд маш том алхам хийгдэнэ. Яагаад Эрээн, Улаан-Үдийн бензин чанартай, хямд байна? Яагаад Монголд орж ирэхээрээ муу байна? Бодоод үзээрэй
Төстэй мэдээ