alim.mn | 2024.10.15
Найман нохойтой “хар Баагий” хочит Д.Бадрал хамтран амьдрагчаа хөнөөж цогцосыг нохойнууд нь иджээ

Ийм нэгэн аймшигт хэрэг энэ оны 2-р сарын сүүлээр Хан-Уул дүүрэгт хуучнаар Шувуун фабрикт гарчээ. Шүүгдэгч Д.Бадрал нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагчтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хутга, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлээр биед нь олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, ээж, эгч, дүү болон бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулж буюу хүнийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан хэрэгт холбогджээ. Тэрээр ротвейлер, дундад Азийн овчарк, банхар зэрэг 5-8 нохой тэжээдэг агаад ноход нь хохирогчийн цогцосыг идсэн байсан гэнэ.

Амь хохирогчийн ар гэрийнхэн ийн мэдүүлжээ.

“...  2019 онд манай дүү Бадрал гэх залуутай танилцаж 2022 онд нэг гэрт орсон гэсэн. “Чи хүнтэй танилцсан бол ирж танилцуул” гэж байж наадмаар уулзсан. Дуу цөөнтэй, Канадад эрхэлдэг ажлынхаа талаар ярьсан. Шувуун фабрикт гэртэй, 5-8 нохой тэжээдэг. Бид дүүтэйгээ утсаар ярьдаг, ярихаар за байж бай дараа яръя гэдэг байсан. Би дүүгээ чи ямар хүнтэй суусан бэ, чамайг зоддог юм уу гэхэд үгүй гэж байсан. 2023 оны 12-р дугаар сард би чи амьд уу, яасан бэ, уулзмаар байна гэсэн. Ээж рүү ярих нь ховордсон байсан. Хамгийн сүүлд ярихдаа Бадрал намайг сүлжээ барьдаггүй газар сургалтад суулгана, дараа нь гадагшаа явна гэсэн. 2024 оны цагаан сараар ирээгүй, тэгээд огт холбоогүй болсон. Ингээд би нөхөртөйгээ Бадралынд очиход хашаанд хэн ч байгаагүй, бүх нохой  нь сул байсан. Тэр хавиар явж байгаад буцаад ирэхэд Бадрал хашаа дотроо чихэвч зүүсэн явж байсан. Би дуудаад дүүгээ асуухад ээжийнх рүүгээ явсан гэсэн. Би бичлэг хийгээд чамайг цагдаад өгнө гэхэд өгөө өг гэж ёжилсон маягтай хэлсэн. Нөхөр бид хоёр  хойд, урд талын айлуудаас асуухад “энэ айлын эмэгтэй нь харагдаагүй удаж байгаа” гэсэн. Тэгээд Хан-Уулын цагдаа орж “миний дүү ийм хүнтэй амьдраад сарын хугацаанд холбоогүй болчихлоо” гэхэд Бадралыг  “их ноотой нөхөр” гээд хоёр цагдаа хамт очсон. Олон нохойтой учраас бид машинаараа хашааны хаалгыг нь дайрч орсон. Цагдаагийн нэмэлт хүч ирсэн. Гэрт нь ороход маш муухай орчин угтаж авсан. Дүүг маань зовоож амь насыг хохироосон байна. Би дүүгийнхээ ломбодуулсан шүдийг хараад таньсан...”

Нэгжлэгээр хүний эрүүний яс нэг ширхэг, чөмөгний яс хоёр ширхэг олджээ.

“... Гавлын яс гавлын ясны орой хэсгийн хальс мэт зүйл, гавлын ясны дотор байх эдэд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон...”

Шүүх хуралд оролцсон иргэний төлөөлөгч ийн мэдэгджээ.

“...Амь хохирогч энэ хүнээс болж нас барсан байна. Нохой идсэн гэж бодоход хувцас яс үс нь яасан байх вэ ...”

Д.Бадралыг гэр бүлийн хүчирхийлэгч гэдгийг өмнө нь хамт амьдарч байсан хоёр эмэгтэй мэдүүлжээ.

“... 1995 онд Бадралтай танилцсан. Танилцсаны дараа л намайг хянах гээд залхаадаг болсон. Хаашаа ч явсан дагадаг тул сүүлдээ найз нөхдөөсөө холбоогоо таслахад хүрсэн. Гудамжаар зөрсөн хүнтэй харддаг,  өдөр болгон сургууль дээр ирдэг, оройтохоор огцом уурлан зоддог болсон. Чингэлтэйн цагдаагийн газарт зодуулсан талаар хэд хэдэн удаа дуудлага өгч байсан. Уурласан үедээ маш (зүрхний хийтэй) хэрцгий хандлагатай, ихэнхдээ биеийн ил харагдахгүй хэсэгт цохиж, зоддог байсан, уурласан үедээ юү хийснээ санадаггүй. Уур нь гарч, тайвширсны дараа миний бие хөхөрсөн байгааг хараад яасан юм бэ гээд гайхаад байдаг.  Миний амыг дарж байгаад зоддог, олон удаа  өөрөө яаж ийж байгаад хаалга онгойлгоод зугтааж гарч байсан. Тэгээд Бадралыг өөр хүнтэй болоод явахад нь дотроо маш их баярласан. Энэ аймшигт явдлыг сонсоод би тэр хөөрхий эмэгтэйг ямар их зовж байсан бол гэж бодохоос ч айж байна./уйлж эхлэв/.
“...2008 оноос Бадралтай хамт амьдарч эхэлсэн. Огцом ууртай, уурласан үедээ намайг янз бүрээр доромжилдог, гар хүрэхдээ бүр хэмхэртэл зоддог. Боож өшиглөж цохидог. Нэг удаа зүүн шанааны ясыг цөмөртөл цохисон, хавирга, хамар хугалсан. Доош харуулан хэвтүүлж байгаад  хүзүүн дээр өвдөглөж амьсгал боогоод дөрвөн мөчийг ямар ч хөдөлгөөнгүй болгодог. 2011 онд Сүхбаатар дүүргийн цагдаад дуудлага өгч байсан. 2013 онд  салсан.

Д.Бадрал амь хохирогчийг зодож байхыг хөршүүд нь олонтоо харжээ.

“...Нөхөр нь өглөө яваад орой ирдэг, эхнэр нь нохойгоо хооллож байгаа харагддаг. Манай хүү усанд яваад ирэхдээ  тэр эгчийн нүд хөхөрсөн байна гэсэн ...”
“... Хөөрхөн зан ааштай охин хоёр жил орчмын өмнө нүүж ирсэн. Манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байсан. Сүүлийн хоёр сар харагдаагүй. Нөхөр нь хашаандаа зодож байхыг хүмүүс харсан, ширүүн хүн байна билээ гэж сонссон ...”
“... Энэ айл олон нохойтой. Эрэгтэй нь эмэгтэйгээ п...а гэх зэрэг хараал үгээр доромжилсон загнасан байдлаар харьцдаг, харин эмэгтэй нь эсэргүүцэх үг хэлдэггүй, “за за” л гэдэг байсан ...”

Тэрээр мансуурагч байжээ.

“...2023 оны 12-р сард Чимэгээ гэдэг найз эмэгтэйн хар хөх өнгийн кроун маркийн машинаар Шувуун фабрикт нэг дэлгүүрийн гадна очиж Бадралаас авах ёстой байсан хоёр грамм мөс авсан. Тэр өөрөө мөс байгаа гэж хэлээд авч ирээд хэрэглэж байсан..”

Д. Бадрал олон нохой тэжээж байжээ.

“... Шувуун фабрикт байх хашаанд нь очиход маш олон дундад ази, роттвейлер, монгол банхар зэрэг ноход байсан. Гэрт нь ороход гөлөгнүүд нь гүйлдсэн, шалан дээр нь нохойн баас, шээс, үс наалдсан харагдсан ...”
 “...Энэ залуугийн нохойнууд миний дөрвөн тугалыг барьсан.  Намайг хохирлоо төлүүлэх гэж очиход “ална чамайг, миний нэг нохойнд хүрвэл би чиний хоёр үхэрт хүрнэ” гэх зэргээр орилоод дайрсан...”

Харин шүүгдэгч ийн мэдүүлжээ

“...Унтаад сэрэхэд хамтран амьдрагч байхгүй байсан. Одоог  хүртэл нэг ч холбоо бариагүй... Би цочоод энэ юу юм бэ гэж бодоод сайн үзсэн тархи байхгүй байсан...Гавлын ясыг хүнийх биш гэж бодоод дээш нь аваад тавьсан...”

Шүүх Д.Бадралд бүх насаар нь хорих ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нар
3 долоо хоногийн өмнө
202.179.26.115
Жинхэнэ зандалчин байж
Төстэй мэдээ