alim.mn | 2024.12.22
Цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр 57 саяар торгуулж хурандаа С.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

Дөрвөн жилийн өмнө шуугисан “Бавгар” компанийн барьсан “Хууль сахиулагч-1” хотхоныг тойрсон цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нартай холбогдох хэргийг шийдвэрлэжээ.  Хурандаа Б.Цогтбаяртай хамт тухайн үед ЦЕГ-ын Сургалт судалгааны төвийн даргаар ажиллаж байсан хурандаа С.Отгонбаатар шүүгджээ. Хурандаа Б.Цогтбаяр нь  Сургалт, дадлагын төвийн дэд дарга,  Албадан саатуулах төвийн дарга, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн даргаар ажиллаж байхдаа хуучнаар Эрэлч нохойн албаны байрлаж байсан газарт албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц бариулах үүрэг бүхий ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн даргаар томилогдсон. Энэ үедээ цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц бариулах ажлын гүйцэтгэгчээр 12, 16 давхар барилга барих тусгай зөвшөөрөлгүй “Бавгар” компанийг  шалгаруулан захирал асан А.Хажидмаагаас дангаараа 64,7 сая төгрөгийн хахууль дансаар болон бэлнээр авсан гэж яллагдсан.

Мөн ажлын хэсгийн дарга С.Отгонбаатар, ажлын хэсгийн гишүүн Н.Б нартай бүлэглэн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд “Бавгар” ХХК-ийн захирал А.Хажидмаагаас 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 60,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 75,000,000 төгрөг, нийт 140,000,000 төгрөгийн хахуулийг үргэлжилсэн үйлдлээр бэлнээр авсан,
Мөн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд “Бавгар групп” ХХК-ийн захирал Х.Оюунаас “Хууль сахиулагч-1” хотхоны 49А блокийн 15 давхарт байрлах 2 ширхэг пентхаусыг, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Хууль сахиулагч-1” хотхоны 49Б, 49В, Г блокоос авах ёстой 30 орон сууцны оронд 320,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,
Мөн тэрээр албан тушаалын байдлаа ашиглаж цагдаагийн алба хаагч Д.Д-гийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, улмаар “гэрээгээ цуцалж буй цагдаагийн алба хаагчаас квот худалдаж авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “барилгын зургийн болон квот худалдан авах төлбөр төлж квот олж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 4,080,000 төгрөгийг бэлнээр,
Захиалагч Д.Д-д “чи цагдаагаас гарчихсан байна, нөгөө квотыг нь болиулж магадгүй юм шиг байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “ажлын хэсгийн гишүүн 6 хүн байгаа, чиний квотыг хасах гээд байгаа учир би тэр хүмүүсийг зохицуулъя” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 600,000 төгрөгийг бэлнээр,
2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр захиалагч Д.Д-д “ажлын хэсгийн хүмүүсийг зохицуулсан, харин чи одоо мөнгө зохицуулах хэрэгтэй байна, энэ төлбөрийг төлчхөөрэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, шилжүүлсэн 450,000 төгрөгийг нийт 5,130,000 төгрөгийг залилсан,
Мөн албан тушаалын байдлаа ашиглаж “Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г ажлын хэсэг сунгахгүй байна, гэрээний хугацааг сунгуулмаар байвал гэрээг сунгах эрх бүхий алба хаагч нарт хахууль өгч гэрээг сунгуулна...” хэмээн хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Х.Оюунаас 15,000,000 төгрөгийг,
2018 оны 11 дүгээр сард “Хууль сахиулагч-1” хотхоны Б блок барилгад дулаан татах зөвшөөрөл авахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай уулзаж гэрээ байгуулж, дулааны ажлыг бүтээж өгсөн, тус албан тушаалтанд хахууль болгон 10,000,000 төгрөгийг төлбөрт нь төлөх ёстой...” хэмээн хэлж Х.Оюунаас 10,000,000 төгрөгийг, нийтдээ 25,000,000 төгрөгийг бэлнээр залилан авсан, нийт 30,130,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр залилж авсан,
Мөн тэрээр үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж нэр бүхий захиалагчидын “барилгын зураг”-ийн төлбөр болох нийт 14,040,000 төгрөгийг барилгын зураг төслийг гүйцэтгэсэн компанийн дансанд шилжүүлэхгүйгээр өөртөө авч завшсан хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хурандаа Б.Цогтбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж 57 сая төгрөгөөр торгожээ. Хурандаа С.Отгонбаатарыг  “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 157.280.000 төгрөгөөс шүүгдэгч С.Отгонбаатараас 45.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Цогтбаяраас 112.280.000 төгрөг тус тус албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ