“Улстөрч” З.Баянсэлэнгэ БХБ-ын сайдаар ажиллаж байхдаа энэ мэтээр дуудуулах нэг ажил хийсэн нь “Бэрэн групп”-д давуу байдал олгож улсад 14,9 тэрбумын хохирол учруулсан хэрэг юм. Энэ хэрэг 2016 онд гарсан. Тэрээр Засгийн газрын тогтоол албажаагүй байхад “Бэрэн групп”-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.9 тэрбум төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд болох яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Болортуяад олгожээ. Уг нь энэ эрх тухайн үеийн ТНБД С.Магнайсүрэнд харьяалагдаж байсан ч тэрээр 2016 оны 2-р сарын 1-нээс 6-р сарын 1-ний өдөр хүртэл ажлаасаа чөлөөлөгдсөн байжээ. Харин М.Болортуяагийн ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байсан. Тэрээр ийн мэдүүлжээ.
“... 2016 оны 6-р сарын 02-ны өдөр сайд З.Баянсэлэнгэ залгаж “Бэрэн групп"-ээс түрээсийн орон сууц худалдаж авах гэрээнд гарын үсэг зураад яаралтай явуул гэсэн. Би Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Хасарыг дуудаж “ийм гэрээ орж ирж байна, ямар учиртай юм бэ” гэхэд 7-р хороололтой холбоотой мөнгөний асуудал манай яамаар дамждаггүй, Хятадын Засгийн газар, Сангийн яам хоёр мэддэг гэж хэлсэн. 7-р хорооллын төслийн удирдагч Доржготовтой ярихад “би мэдэхгүй, наадах чинь болохгүй шүү” гэсэн. Тэгэхээр нь би сайдтай утсаар ярьж “Бэрэн групп"-тэй гэрээ байгуулж болж байгаа юм уу” гэхэд “Засгийн газар дээр наадахыг чинь яриад шийдүүлчихсэн, хурдан гарын үсгээ зураад над руу явуул” гэж шаардсан. Ингээд би аргагүй зурсан. Тэр өдөр Магнайсүрэн дарга ажилдаа орно гээд ирэхэд нь би “та сайдтай уулзаарай, таныг уулзуулаарай гэж хэлсэн” гэсэн. Уулзсаных нь дараа би Магнайсүрэн даргын өрөөнд ороход “Сайханбилэгтэй ярина ч гэх шиг энэ муу п-да” гээд уурлаад байсан. Тэр үед яам хоёр хуваагдчихсан нэг хэсэг нь Магнайсүрэн даргын нэрээр, нэг хэсэг нь миний нэрээр бичиг баримт үйлдээд гарын үсэг зуруулаад байсан...”
7-р хорооллын төслийн удирдагч Доржготов нь яамны харьяа Орон сууц дэд бүтцийн нэгжийн зохицуулагчаар ажиллаж байжээ.
“...2016 оны 5-р сарын сүүлээр З.Баянсэлэнгэ сайд залгаад өрөөнд ороод ир гэхэд нь би барилгын инженер Ганзоригийг дагуулаад орсон. Тэгэхэд “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр гэх хүн сууж байсан. Сайд биднийг танилцуулаад Засгийн газрын шийдвэр гарсан байгаа гэсэн...”
Түрээсийн байранд орох 177 хүнээс 25 нь жолооч, нэг намых, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх зэрэг З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай болохыг гэрч Ариунаа мэдүүлжээ. Ийнхүү “Бэрэн групп”-ын дансанд 14,9 тэрбум төгрөг орсон. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Сангийн яам нийт 1,3 тэрбум төгрөг нэхэмжилжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.