Нийслэлийн дүүргүүдийн ИТХ 2020-2024 оны сонгуульт хугацааны хаалтаа нижгэр хийжээ. Хамгийн даруухан нь Сонгинохайрханыхан бололтой. Тэд төлөөлөгчидөө нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэхэд “үнэтэй” хувь нэмэр оруулсан гээд 2,4 сая төгрөгөөр “Талархал” гэгчийг хийж тараажээ. Чингэлтэйг хувьд сонгуульт хугацааны тайлангийн хурлаа Горхи-Тэрэлжийн хоёр ч том амралтын газарт хоёр ч удаа хийжээ. Эхний удаад “Glory Resort Mongolia” аялал жуулчлалын газарт 7,8 сая төгрөгөөр “тайлан”-гаа тавьсан бол дараа нь энэ амралтын 300-800 зочин хүлээн авах чадалтай гоёмсог зааланд 8,8 сая төгрөгөөр ахин “хуралдсан” байна. Төлөөлөгчиддөө буцалтгүй тусламж өгдөг “буянт” газар болох Баянголын ИТХ хүндэтгэл үзүүлэхэд 28,8 сая төгрөг зарцуулжээ. Гэхдээ хамгийн тансаг хаалтыг НИТХ хийсэн нь мэдээж биз. Харамсалтай нь “чоно санаалсан” тул мөнгөн дүнгээ оруулсангүй. Тэд хүндэтгэлийн хуралдаан, хүндэтгэлийн арга хэмжээ, одонгоор шагнах гээд таван том арга хэмжээ явуулсан нь барагцаагаар хагас зуун сая төгрөгт хүрэх байх гэсэн хардлага төрүүлж байна.