Хоёр жилийн өмнө “Хануй гоулд констракшин” компанийн захирал, хятад хэлтэй О.Батсайхан нь “алдарт” хятад компани болох “Шинжиан Шинфа”-гийн захирал Сун Гуан Чен болон түүний бизнесийн түнш Бат-Эрдэнэ нарыг нийт 1,8 тэрбум төгрөгөөр залилсан нь хамгийн уран аргатай залилангийн нэгд тооцогдох нь лавтай. Хэрэг явдал 2021 оны хавар эхэлжээ. Тухайн үед Сун Гуан Чен нь Батсайхан, Бат-Эрдэнэ нартай нэг өрөөнд хоригдож байжээ. Хорих ангид хятад хэлтэй хоёр хүн байсны нэг нь “Хануй гоулд констракшин” компанийн захирал гэнэ. Танилцаад “замын төсөл эхлүүлж байгаа, хөрөнгө оруулах төсөл хайж байгаа, эндээс гараад ярилцъя” гэдэг байжээ. Батсайхан нь 2022 оны 4-р сард суллагдана гэсэн ч чадаагүй аж. Гэхдээ хоёр сарын дараа магадлангаар ороод гарч ирсэн агаад үүнд өмгөөлөгч Батцэнгэл, түүний найз Батхуяг нар тусалжээ. Өмгөөлөгч нь 2018 онд Батсайханы Чой Юун гэдэг хүнийг залилсан 390 сая төгрөгийн хохиролтой хэрэг дээр өмгөөлөгчөөр оржээ. Гэсэн ч өмгөөлүүлэгч нь 7,5 жилийн хорих ял авч Сэлэнгийн хорих руу ачигдсан. Хоригдсоны дараа Арабын Нэгдсэн Эмиратын Абдул Маври гэх хүнээс 840 сая долларыг “Хануй гоулд констракшин” компанийн нэрээр оруулж ирсэн ч Монгол банкин дээр гацсан гэдэг үлгэрээ ярьж өмгөөлөгчөө итгүүлжээ.
“... Хануй гоулд констракшнийг өөр хүний нэр дээр байгуулсан, энэ компанийн нэрээр гадаадаас мөнгө орж ирэх юм. Гэтэл тэр хүн найдваргүй, намайг хоригдсоноос хойш нэг ч эргэж ирсэнгүй, та миний компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд аваадхаач гэсэн. Ингээд би компанийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. 2022 оны хавар залгаад “магадланд орох хугацаа болсон ч хохирол дээрээ гацаад байна, Болдоо /Монгол банкны хүнийг хэлсэн/ болохоор байж бай гээд байх юм, би өөрөө гарч мөнгөө хөөцөлдөхгүй бол болохгүй байна, та надад туслаач” гэсэн. Тэгэхээр нь би найз Батхуягт “магадланд орох хугацаа нь болчихсон нэг хоригдож байгаа нөхөр байна, хохирлоо төлбөл гарна, суллагдвал Арабаас ирсэн мөнгөө Монгол банк болон арилжааны банкнуудаар дамжуулаад гаргаад авна гэсэн” гэж хэлсэн. Тэгээд найз уулзахаар болж бид хоёр Зүүн хараагийн хорих дээр очиход Батсайхан “... О.Батсайхан таны Арабын Нэгдсэн Эмират улсаас оруулж ирсэн 840 сая ам.долларыг олгох хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болохыг мэдэгдье ...” гээд “маш нууц” гэсэн дардастай, Монгол банкны ерөнхийлөгч Лхагвасүрэнгийн гарын үсэгтэй албан бичгийг утсан дээрээсээ үзүүлсэн. Тэр бичгийн зургийг авъя гэхэд “маш нууц зэрэглэлтэй тул хэн хэндээ гай болоод яах вэ, зураг дараад хэрэггүй” гэсэн...”
Ингээд Батхуяг Батсайханы хохирлын 390 саяыг төлөхөөр болжээ. Харин Батсайхан суллагдсаны дараа мөнгөө гаргаж авмагц нэг сая долларын шагнал өгөхөөр амласан гэнэ. Хохирлын мөнгө ШШГЕГ-ын дансанд орсоноор 2022 оны 6-р сарын 06-ны өдөр Батсайхан хугацааны өмнө тэнсэн суллагджээ. Тэрээр Монголбанкны ерөнхийлөгчийн “бичиг”-ийн зургаа өмгөөлөгчдөө өгөөгүй бол “Шинжиан Шинфа”-гийн захирлын түнш Бат-Эрдэнэд өгчөө.
“...О.Батсайхан гэдэг хүнтэй 2020 оны 4-р сард хорих 409-р ангид нэг өрөөнд орохдоо танилцсан. Анх танилцсан цагаас эхлээд “2016 онд Арабын Нэгдсэн Эмират улсаас 840 сая ам.доллар оруулж ирсэн, гэвч улс төрийн явуулга, шахалт, авлига нэхсэн үйлдлээс болоод шоронд хоригдоод ял авчихлаа” гэж үнэмшилтэй ярьдаг байсан. 2020 оны 7-р сард Батсайхан ял авч Зүүн хараагийн хорих анги руу ачигдаж би торгуулийн ял аваад суллагдсан. Түүнийг хоригдож байх хугацаанд нь би ойр зуурын мөнгө төгрөг өгдөг байсан. 2022 оны 3-р дугаар сард надтай вайбераар холбогдоод “миний яриад байсан ажил бүтлээ, хоёр хоногийн өмнө Монгол банкны ийм бичиг ирсэн” гээд бичгийн зургийг явуулсан. “Та үзээд устгаарай, хүнд үзүүлж болохгүй шүү” гэхээр нь би өвгөн /Шинжиан Шинфагийн захирал Сун Гуан Чен/-д үзүүлж болох уу гэсэн чинь болно” гэж хэлсэн. Тэгээд би өвгөнд өнөөх бичгийн зургийг үзүүлсэн. Өвгөн итгээд “надад 70 сая ам.долларын хэрэгцээ байна, Батсайханаас зээлье” гэсэн. Тэгэхэд нь би “надад ч бас 30 сая ам.долларын зээл хэрэгтэй байна” гэсэн. Ингээд би Батсайханд нийт 100 сая долларын зээл авья гэхэд “асуудалгүй ээ, дүү нь гараад бүх юм сайхан болно, та хоёрт хүссэн зээлийг чинь өгнө” гэж амласан. Батсайхан 2022 оны 6-р сарын 7-нд суллагдсан. Маргааш нь надтай, бас өвгөнтэй уулзсан. Өвгөн 70 сая долларын зээл авах хүсэлтэйгээ өөрийн биеэр илэрхийлэхэд зөвшөөрч компаниар зээлийн гэрээ хийхээр болсон. Ингээд өвгөний оффис дээр ирж “Хануй Гоулд констракшн” компанийн нэрээр гэрээ байгуулсан. Гэрээнд ажлын гурав хоногийн дотор мөнгө орно гэсэн. Гурав хоног өнгөрөхөд мөнгө орж ирээгүй. 6-р сарын 15-ны орой намайг дуудсан. Яваад очтол “Монгол банкны хүмүүс мөнгө нэхээд байна, таван сая доллар маргааш хэрэгтэй гээд байна, би өөрийн Асем Вилла дахь хаусаа зараад бусад мөнгөө шавхаад 3.2 сая ам.доллар цуглууллаа, маргааш Алтай констракшны Бат-Эрдэнэ 500.000 ам.доллар өгнө гэсэн, цаадах чинь Хөгжлийн банканд 50 сая ам.долларын зээлтэй байгаа, тэр мөнгөө надаас зээлж даръя гэсэн, тийм учраас надад тусалж байгаа, үлдсэнийг нь та л зохицуул” гэсэн. Би өвгөн дээр очоод “ингээд байна, одоо яах вэ” гээд зөвлөлдсөн ...”
“Шинжиан Шинфа”-гийн захирал Сун Гуан Чен өнөөх зургийг үзээд мөн итгэжээ.
“... Би 2019 онд Монголд ирэн “Шинжиан Шинфа” компанийг байгуулж Мөрөн-Өлзийт чиглэлийн 120 км автозамын төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бат-Эрдэнэ миний бизнесийн хамтрагч. 2022 оны 4-р сарын эхээр О.Батсайхан гэх хүний явуулсан Монголын Төв банкны бичгийг надад утсан дээрээсээ харуулсан. Тухайн албан бичиг дээр 840 сая долларын хөрөнгө оруулалтыг Батсайхан авсан байна гэж байсан. Мөн миний төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн зүйл хэлсэн. Би Бат-Эрдэнэтэй хамт Батсайхантай уулзахад “би хөрөнгө оруулах төсөл хайж байгаа, таны хэрэгжүүлж байгаа 120 км автозамын төсөл дээр чинь хөрөнгө оруулья” гэсэн. Ингээд “Хануй Гоулд констракшн”-тай зээлийн гэрээ байгуулсан ч мөнгө орж ирээгүй. Удалгүй Батсайхан “битүүмжлэгдсэн дансыг нээхэд гурван тэрбум төгрөг хэрэгтэй гээд байна” гэсэн. Бид хоёр ярилцаад эхний ээлжид шаардлагатай мөнгийг Батсайханд өгөхөөр болсон. Ингээд найзуудаасаа бас өөрөөсөө мөнгө гаргаж нийт 1.638.500.000 төгрөгийг “Хануй Гоулд констракшн” руу шилжүүлсэн. Батсайхан удахгүй мөнгө орно гээд яваад байсан. Бат-Эрдэнэ араас нь хөөцөлддөг. 2022 оны 12-р сард ахиад 250 сая хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн унадаг “Лексус 570” маркийн автомашиныг найз Жан Хайд барьцаалаад мөнгө авч өгсөн. Надад Төв банкны бичиг үзүүлсэн тул итгэсэн. Мөнгө өгөхдөө би “Монгол банк дээр очоод асууя” гэхэд “нууцын зэрэглэлтэй болохгүй” гэсэн. Мөн Сангийн яамны даргатай хамт авахуулсан зураг нь байсан. Надтай шоронгоос видео колл хийж ярихад нь “чи яаж хорих ангиас яриад байна вэ” гэж асуухад “надад бол хамаагүй болно” гэсэн...”
Батсайхан “Шинжиан Шинфа”-гаас орж ирсэн мөнгөнөөс хохирлын мөнгийг төлж шоронгоос гаргаж өгсөн Батхуягийн данс руу 650 саяыг шилжүүлж 390 саяыг нь өгчээ. Үлдсэн 260 саяар “Ниссан патрол вай-62” машин авчээ. Мөн 390 саяар байр авсан гэнэ. Хамтран амьдрагчийнхаа охины данс руу 200 саяыг шилжүүлээд 96 саяар нь 9911-тэй дугаар авчээ. Мөн таван гар утсыг 20 саяар авчээ. Байрандаа мөн 20 саяар тавилга авсан гэнэ. Хөдөө явна гээд Шангриаллагаас таван саяар дээл, аялалын дэлгүүрээс майхан бусад хэрэгсэл авсан агаад энэ мэтээр мөнгөө үржээ.
Мөнгөө үрж байхдаа 1,8 тэрбумыг өгсөн хятад монгол хоёр түншийг “хөөрхөн“ аргалж байжээ.
“... Мөнгө орохгүй байгаагаа янз бүрээр маш үнэмшилтэйгээр тайлбарладаг. Миний хажууд байхдаа гар утас дээрээ Энхжин гэдэг нэрээр хадгалсан хүнтэй утсаар ярьдаг,тэр хүнээ Монгол банкинд дарга гэдэг байсан. Санхүүгийн зохицуулах хороон дээр хянагдаж байна гээд сар гаруй аргалсан. Дараа нь Голомт банк дээр гацаад байна гээд нэлээн удаан ярьсан. Дахиад Монгол банкнаас боллоо гэсэн. “Монгол банкны дотоод хяналтын 23 хүн байдаг, эндээс нэг хүн юмгүй үлдчихжээ, 250 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна, одоо оноос өмнө ороод ирнэ, тэгээд хэдүүлээ мөнгөө аваад бүгдээрээ гадагшаа амралтаар явъя” гэж тайвшруулсан. Хамгийн сүүлд Сангийн сайд Жавхлантай хамт сууж байгаа зургаа явуулаад одоо ингээд бүтэх гэж байна гэсэн ...”
Эцэст нь Батсайханыг “Шинжиан Шинфа”-гийнхан цагдаад өгчээ. Тэрээр зугтан Архангай аймгийн Чулуут суманд найзындаа орогнож байсан гэнэ. 96 саяар 9911-тэй дугаар, 20 саяар гар утас худалдан авч байсан ч хамгийн сүүлд ар өвөр тал нь хагарчихсан хүүхдийн утас барьж байжээ. Мөн 840 сая доллар өгнө гэсэн Арабын Эмиратын хөрөнгө оруулагч компанитай байгуулсан гэрээний эх хувиа “... хайгаад олохгүй байна, нүүж байхад алга болсон байх...” гэжээ. Өмгөөлөгч нар нь “...тухайн үед хорих ангид ял эдэлж байсан шүүгдэгч уг баримтыг үйлдэх, тэдгээр хүмүүстэй утсаар ярилцах боломжгүй байсан ...” гэж маргажээ. Анхан шатны шүүх түүнд 7,3 жилийн хорих ял оноогоод1,8 тэрбум төгрөгийг гаргуулж “Шинжиан Шинфа”-гийн захиралд олгуулахаар шийдвэрлэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.