Загварын ... компанийн гэрээт модель, 24 настай эрэгтэй ... овогтой нь ... нь 2024 оны 6-р сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороонд орших “Conte” гэх нэртэй газарт зөөгчөөр ажиллаж байхдаа хохирогч Г.Г-ыг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож “...баруун хөмсөг, хамрын баруун самсаа, баруун хөхлөг сэртэн, баруун тохой, шуу, зүүн тохойнд зулгаралтуудтай, зүүн дээд зовхи, баруун дээд, доод зовхи, баруун хөмсөг, хүзүү, зүүн шанаа, баруун бугалга, хэвлий, нуруунд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлжээ.
“... Шүүгдэгчийн ажилладаг “Conte” гэх нэртэй пабд ганцаараа очоод сууж байтал миний араас */дугаарыг нь мэдэхгүй байна/, Зориг /дугаарыг нь бас мэдэхгүй байна/ хоёр ирээд бид гурав нийт хоёр шил вино уугаад сууж байтал тус газар зөөгчөөр ажилладаг загвар өмсдөг гэх залуу хамт суусан. Тэгээд юм ярьж байтал зөөгч залуу өнгө аясаараа надад дургүй гэдгээ илэрхийлж байсан. Гараад ярилцахад гэнэт миний зүүн хацар хэсэг рүү хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна цохиод унагасан бөгөөд би ухаан алдсан. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр байсан. Намуунаа надтай хамт Гэмтлийн эмнэлэг орсон байсан. Би өөрт учирсан эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна ...”
Гэрч ийн мэдүүлжээ.
“...Манай ажлын эсрэг талд "Conte" гэх паб байдаг. 2024 оны 6-р сарын 11-ний өдрийн 18 цагийн үед тэр пабын гадна хаалганых нь зүүн талд өндөр нам хоёр эрэгтэй хүн тамхи татаж байгаа харагдсан ба удалгүй намхан залуу нь орилоод унасан. Тэгээд хоорондоо зодолдож эхэлсэн. Тэр хоёр зууралдаад нэг нэгнийгээ цохилцсон. Би очоод салгахад намхан залуу нь ухаан алдсан байсан. Харин зодсон гэх өндөр загварлаг залуу нь тухайн пабд зөөгчөөр ажилладаг гэсэн ...”
Харин шүүгдэгч ийн мэдүүлжээ.
“... Хохирогч нь миний ажилладаг пабаар байнга үйлчлүүлдэг ба үйлчлүүлэх бүртээ өөрийгөө ижил хүйстэн гэдгийг илэрхийлдэг байсан. Намайг сонирхдог гэдгээ илэн далангүй хэлдэг, намайг үйлчилгээний ажил хийдэг гэдгээр далимдуулж байнга миний биед дураараа хүрж, гараас барьж “миний хажууд суучих, би чиний найз охин болъё, би чинийхийг хөх ...-д өгье” гэх мэтээр бэлгийн дарамттай үг хэлдэг байсан. Би тухай бүрт нь түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд хүндэтгэж харьцсаар ирсэн. Гэсэн ч надад хандах хандлага нь улам бүр эрээ цээргүй болж байсан тул зогсоох ёстой гэж шийдээд тэр өдөр ирэхэд нь “Моняа /хочилдог нэр нь/ би эмэгтэй хүн сонирхдог. Чи намайг сонирхохоо больчих. Ингэж өдөж хоргоогоод байгаа чинь надад огт таалагдахгүй байна” гэсэн. Тэгэхэд “Чи намайг тэгээд зодох юм уу?” гэхээр нь би “Үгүй, би хүн зоддог хүн биш. Чи явчих” гэсэн чинь миний таньдаг хүн орж ирээд намайг “Тамхи татах уу?” гэж асуухаар нь хамт гарсан. Хохирогч араас гарч ирсэн. Тамхилаад таньдаг хүн явсны дараа намайг дуудаад байхаар нь “Чи яв л даа” гэсэн чинь “Би байнга ирээд байвал чи намайг зодох уу?” гэх мэтээр намайг өдөж, миний ойр дотны хүмүүсийг доромжилж тэсвэр тэвчээрийг алдуулсны улмаас зодоон болох нөхцөл байдалд хүрсэн. Эргээд бодоход би хохирогчийн сонирхлыг хүлээж аваагүйн улмаас надад өс санаж энэ гэмт хэрэг гарч би шүүхийн танхимд зогсож байгаа мэт сэтгэгдэл төрж байна...”
Шүүх гэрээт модель залууг нэг сая төгрөгөөр торгоод улмаар торгох ялаас чөлөөлжээ. Гэхдээ хохирогчид учирсан сэтгэл санааны хохиролд 4,5 төгрөг төлөх шийдвэр гаргасан байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.