Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Нийгмийн даатгалын сангийн 160 тэрбум төгрөгийг олж авахын тулд ирэх жил 300 сая төгрөг гаргаж, өмгөөлөгч хөлслөхөөр болсон" тухай ярилаа. Даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг үрэн таран хийсэн нөхөд Монголдоо хамгийн үнэтэй өмгөөлөгч нараар өмгөөлүүлдэг тул тэднээс дутахгүй өмгөөлөгч хөлслөн авч байж, хохирлыг барагдуулах боломжтой болно гэж үзэж байгаа тухай ярилаа.
Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 200 гаруй тэрбум төгрөгийг "Капитал", "Чингис хаан" банкинд байршуулснаас болж, эрсдэлд орсон. Тухайлбал, 2019 онд Капитал банкнаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан ч 2024 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Мөн Чингис хаан банкнаас нийт нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс нийт 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, үлдэгдэл 95.6 тэрбум төгрөг төлөгдөөгүй байгаа юм.
Иймээс даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг олж авахын тулд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ирэх жил 300 саяар өмгөөлөгч хөлслөх юм байна.