alim.mn | 2024.12.13
58 сая төгрөг идсэн “Наран Кидс Стор”-ийн гүйцэтгэх захирал баригдахдаа Д.Удвалын нүдэн дээр санхүүгийн баримтаа жижиглэн уржээ

“Наран групп”-ийн 11 сайхан охин компанийн нэг болох “Наран кидс стор”-ийн гүйцэтгэх захирлаар Д.Энхсанаа нь 2020-2024 онд ажиллажээ. Гэсэн ч тэрээр ажилд орсон жилээсээ л хулгай хийж эхэлжээ. Экс гүйцэтгэх захирал өөрийн үүсгэн байгуулсан “Санна Салтейшн” компаниар дамжуулан гадаадаас бараа материал импортоор оруулж ирж байгаа мэтээр баримтуудыг бүрдүүлж, 2020 оны 8-р сарын 28-ны өдрөөс 2024 оны 2-р сарын 3-ны өдрийн хооронд 374,7 сая шилжүүлснээс 58,1 саяыг нь хувьдаа завшжээ.  “Наран кидс стор” нь 2020-2022 онд ашигтай ажилласан хэрнээ 2023 онд гэнэт 100 сая төгрөгийн алдалд орсоноор экс гүйцэтгэх захирал эмэгтэй сэжиглэгдэж эхэлжээ.

“...2024 оны 2-р сарын 19-ний өдөр “Наран групп”-ийн хурлын танхимд ТУЗ-ын дарга С.Болдхэт, гүйцэтгэх захирал Д.Удвал, “Наран кидс стор”-ийн захирал Энхсанаа болон аудитынхан оролцсон хурал болсон. Хурлаар “Наран кидс стор”-ийн гүйцэтгэх захирал нь өөрийн хувийн компанийн дансаар “Наран групп”-ийн мөнгийг шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон. Маргааш нь захирал Д.Удвал, аудитын газрын захирал Ж.М-Од нар “Наран кидс стор”-ийн оффисд очиж тамга тэмдэгийг хурааж авсан. Ингээд санхүүгийн шалгалт хийх гэхэд  Д.Энхсанаа нь санхүүгийн анхан шатны баримтыг бидэнд үзүүлэхгүй гэж шууд газар дээр нь жижиглэн урж хаясан. Үүнийг  аудитын газрын дарга  бичлэг хийж буулгаж авсан...”
“... Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Энхсанаа нь “Наран групп”-ийн бараа болон хүүхдийн тоглоомыг гадаад улсын хүүхдийн тоглоомын гэрээт борлуулагчаас гааль дээрээс захиалгаар бараа материал худалдаж авах ёстой байтал өөрийн “Санна Сэлтэйшн” компанийн данс руу бараа захиалгын мөнгийг шилжүүлээд гадаадын компаниас захиалгаар бараа материал татсан мэтээр санхүүгийн анхан шатны хуурамч баримт бүрдүүлсэн байсан. Энэ нь яаж илэрсэн бэ гэхээр “Наран кидс стор”-ийн барааны дансны хуулгаар “Санна Сэлтэйшн”-ийн данс руу бараа материал /хүүхдийн тоглоом/-ын захиалгын төлбөр шилждэг байсан. Гэхдээ гадаадын хүүхдийн тоглоомын албан ёсны нийлүүлэгч компаниас бараа материал хүлээн авсан мэтээр анхан шатны баримтыг бүрдүүлсэн байсан...”

Харин итгэл алдсан экс гүйцэтгэх захирал эмэгтэй ийн мэдүүлжээ.

“... 2016 онд “Санна Сэлтэйшн” компанийг үүсгэн байгуулж 2019 он хүртэл хүүхдийн тоглоом, шаазан эдлэл импортоор оруулсэн. 2020 оны 02-р сараас 2024 оны 02-р сар хүртэл “Наран кидс стор”-ийн  гүйцэтгэх захирлаар ажилласан. Ажиллах хугацаандаа гадаадын тоглоом үйлдвэрлэгчээс бараа материал шууд худалдан авах ёстой байсныг би өөрийн үүсгэн байгуулсан компаниараа дамжуулан тоглоом тус бүрийн үнэ дээр 10-20 хувийг нэмж “Наран кидс стор”-д орлогоор авдаг байсан. Дээрх худалдан авалтыг би дотоодын худалдан авалтаар тооцож өөрийн компаниасаа уг тоглоомыг “Наран кидс стор”-д 10-20 хувийн нэмэгдэлтэй нийлүүлж мөнгийг хувьдаа авсан. Тэр мөнгөөрөө өөрийн компанийн Хас банкнаас зээлсэн өрөө төлсөн …”

Д.Энхсанаа нь "Наран групп"-ийн гүйцэтгэх захирал Д.Удвалын тушаалаар томилогджээ. Шүүгдэгч нь хохирлоосоо 50 сая төгрөгийг барагдуулсан тул шүүх гурван сая төгрөгийн торгох ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ