Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөрлөл гэж үгүй, мөнхийн эрх ашиг гэж мөн ч үнэн үг ажээ. Энэ үг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат хоёрын хооронд болж буй гэнэ. Увсын фракцын хүчтэй залгамж халаа Ч.Хүрэлбаатар УИХ-ын сонгуульд унасан ч намдаа нөлөөтэй. Тиймээс нэг нутгийн залуу Н.Цэрэнбатыг "Эрдэнэс Монгол"-ын захирал болохоор зүтгүүлж эхэлсэн гэх.
Хүний ааш хаврын тэнгэр хоёр адил юм. Өнгөрсөн хавар УИХ-ын сонгуулийн үеэр Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат хоёр нэг намд багтахгүй болтлоо муудаж, нохой гахайдаа тулсан. Учир нь намдаа нөлөөтэй, танхимдаа эрх явсан Ч.Хүрэлбаатар Намсрайн Цэрэнбатын баруун бүс дэх тойргийг мэргэжил нэгт санхүүч Занданбатад булаах шахуу авч өгсөн. Ингээд хонь чонь болсон Н.Цэрэнбат нутгийнхаа ах Ч.Хүрэлбаатарын эсрэг ажиллаж, ХХАА-н сайд асан З.Мэндсайханыг дэмжиж ажилласан гэнэ. Ёстой тултал дэмжинэ гэгч болсон. "Хатгалдах дайсан" Н.Цэрэнбат заналт дайсан Женко зэрэг улсаас болж Ч.Хүрэлбаатар сайд шившигтэйгээр унасан билээ. Нэг үе баруун бүсээс ээлж дараалан сайд болж явсан Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат хоёр УИХ-ын гишүүнгүй, сайд ч үгүй "эвдэрхий тэвштэй"-гээ үлдэх шахав. Оронд нь Говь-Алтайн хүү Д.Амарбаясгалан Увсад ч хүчтэй байж, нөлөөгөө тогтоож магадгүй нь. Иймээс Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат хоёр эвсэж, хэн хэнийгээ дэмжин ёстой л шоргоолж шиг хөдөлж яваа гэнэ.