Өдгөө 70 настай У.Баатар нь зохион байгуулж хамсаатан Н.Наагий, М.Отгонсүх нарын хамтаар хохирогч банкны захирал Ц.Бат ...ийг Хан Хиллс хотхонд гэртээ байхад нь зөвшөөрөлгүй нэвтэрч, дураараа авирлаж, хүч хэрэглэн гарыг нь гавлаж, нүдийг нь скочоор боож эрхшээлдээ оруулан, хохирогчийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер” машинаар гэрээс нь авч яван 100 айлын “Хүннү Палас” нэртэй зочид буудлын 703 тоот өрөөнд 2023 оны 8-р сарын 4-нөөс 6-ны өдрийн хооронд, 2023 оны 8 –р сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороололын 8-р байрын ... тоотод тус тус хууль бусаар хорьж, улмаар мөнгө өгөхийг шаардан биед нь халдан зодож, хохирогчийн банкны картыг ашиглан бэлнээр 38,5 сая, мөн хохирогчоор “Ривер гарден” хотхоны Хаан банкны салбараас 60 сая төгрөг бэлнээр авхуулж, нийт 98,5 сая төгрөг дээрэмджээ.
Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлжээ.
“... Би энэ гурван хүнийг танихгүй. Намайг гадны хүнтэй хоол идэж байхад У.Б-тай хамт орж ирээд хоол идээд явсан. Дараагийн удаа манайд ирсэн. Манайд ирж гэрийг зааж өгсөн хүн бол Батсүх мөн. Намайг ганцаараа хонож байгааг бас хэлсэн байсан. Гэрийн хаалга тогшихоор нь “хэн бэ” гэхэд “таны машиныг шүргэсэн, өр төлбөрөө төлөх гэсэн юм” гэхээр нь хаалгаа нээтэл гурван хүн дайрч орж ирээд эхний залуу нь миний толгой руу цохисон. Ухаан балартах үед гар ард гавлаад “цагдаа руу авч явна” гэсэн. Тэгэхээр нь тайвшрсан. Машины түлхүүр, гэрийн түлхүүрийг авсан. Гэрээс авч гараад зогсоолд байсан миний машин дээр очоод ард намайг суулгаад аваад явсан. Нүд боолттой байсан болохоор хаашаа явж байгааг нь мэдээгүй. Ойролцоогоор цаг арай хүрээгүй яваад нэг граж шиг газар руу уруудаж орсон байх, тэнд намайг нүдний боолт тайлалгүйгээр гавтай гараар нэг юмнаас дүүжлэхэд хөлийн өлмий хэсэг газарт дөнгөж шүргэж байсан Тэшээд “чи их даварч байна аа, мөнгө өг” гээд зодоод эхэлсэн. Гэдэс, нүүр ам орчимд маш олон удаа цохиж би ухаан алдаад, ухаан ороод байсан. Би “миний түрийвчинд банкны карт байгаа” гээд нууц кодыг хэлж өгсөн. Нэг юм хольж хутгаад ам руу хүчээр цутгахад архи амтагдсан. Өгөх тусам нь согтоод нэг дотор газарт өрөөнд орсон. Намайг буудалд оруулсан байна гэж бодсон, хоёр ортой, анх оруулахад лифтээр өгсөж байсан. Буудалд хоносны маргааш намайг 60 сая төгрөг өг гэхээр би Ривер гарден хотхоны Хаан банкнаас бэлнээр аваад гадаа машинд сууж байхад нь аваачиж өгсөн, нэг нь надтай цуг банк орсон шиг санагдаад байна. Би тэнтэр тунтар ухаан санаа их муу явсан болохоор нарийн ширийн зүйлээ сайн санахгүй байна. Банкнаас мөнгө авахуулаад намайг машинтай цуг орхиод явсан. Би машинаа үлгэн салган барьж гэртээ ирсэн. Намайг алга болоход манайхан хоёр өдөр хайсан. Тэгээд гуравдахь өдрөө цагдаад мэдэгдэж Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж цагдаа тусгайнхан манай гэрийн камерийн бичлэг үзэж мэдсэн ...”
Хэргийг зохион байгуулж удирдсан өдгөө 70 настай У.Баатар ийн мэдүүлжээ.
“... 2023 оны 8-р сарын 7-ны өдөр болсон асуудалд цагдаад байсан Батсүх хамаг зүйлийг зохион байгуулсан гэж харагдаж байна. Энэ асуудал яригдаагүй байхад нэг удаа хоолонд орох үед надад 20 сая төгрөг байна гэж хэлээд 17 саяыг нь надад өгсөн. “Юу вэ” гэхэд “сайхан танилцлаа, чи овоо шүү” гэхэд нь их юм бодолгүй мөнгийг нь авсан. Түүнээс хойш над дээр удаа дараа ирж “хүнийг алах” зэрэг санал тавьсан. Тэгэхэд нь би “чи намайг туршаад байна уу, эсвэл намайг зориг хүрэхгүй айна гэж бодоод байгаа юм уу” гэж хэлсэн. “Наад хүмүүс чинь ямар учиртай юм бэ, 30 мянган доллар орж ирсэн гэх юм, баталгаатай байгаа гэх юм, ийм зүйл яриад банкны захирал Батмөнх гэх хүнийг цааш нь харуулах шаардлагатай байна” гэх зүйл яригдсан. Батсүх намайг Б-тай танилцуулаад Батмөнх гэх хүнээс Б мөнгө авч чадахгүй байна, дарамталж байгаад мөнгө аваад өгч, төлбөрийг 50 хувийг нь хувааж авья гэж тохирсон. Тэгээд хэлсэн ярьсандаа мөнгө өгөхгүй байхаар нь Б-гаас мөнгө авахаар ийм үйлдэл хийсэн. Б өөрөө хаалга онгойлгохоор нь би ороод шанаа хэсэгт гараараа цохиод хоёр гарыг ар талд нь гавлаад гэрээс нь аваад гарсан. Машинд нь ороод нүдийг нь скочдоод машинаар нь авч яван байрныхаа хашаан дотор байдаг гражид оруулсан. Тэгээд гарыг нь олсоор уяад дээш татаж өргөөд эхлээд Наагий, Отгонсүх хоёрыг цохь гэсэн чинь нүдээ аниж эвсэлгүй цохиод байхаар нь боль гээд өөрөө зодсон. Цохиод миний гарын ар хэсэг хавдсан. Тэгээд нүдний скочийг нь аваад 100 айлд байдаг “Хүннү” зочид буудалд орсон. Өрөөнд ороод би ганцаараа архи уусан. Б картнаас мөнгө ав гээд пин кодоо хэлээд Отгонсүхэд банкны картаа өгсөн. Буудалд хоёр хоноод гарч Б-г гэрт нь хүргэх замдаа банк орж 60 сая төгрөг авахуулсан...”
М.Отгонсүх хохирогчийн картаар АТМ-аас мөнгө авчээ.
“... Б ахын гэрт хоноход “маргааш өглөө айлд очиж хүнтэй уулзана, чи гавла бас өөрийгөө цагдаа гэж хэл" гээд цагдаагийнх шиг үнэмлэхний гэр, гав өгөхөөр нь “чадахгүй” гэж хэлтэл “санаа зоволтгүй би өөрөө хариуцана” гэсэн. Өглөө нь Наагий гэх залуутай уулзаж гурвуулаа “Волксваген” машинаар Хан хиллс хотхонд очиж нэг хүнийг гэрээс нь барьж авахаар явсан. Гэрээс нь аваад Б ахын гэрийн авто зогсоолд ирж машинаас буулгаад граш руу оруулсан. Тухайн хүн надад Хаан банкны алтан карт өгч 10 сая төгрөг аваад ир гээд кодоо хэлсэн. Би АТМ-ээс хоёр удаагийн гүйлгээгээр хэлсэн мөнгийг нь авчирсан. Тэгээд Хүннү хотел зочид буудал руу явсан. Өрөөнд ороод Б ах тэр хүнтэй архи ууж уурлаад нүүр болон гэдэс хэсэгт нь цохисон. Надад 300 мянган төгрөг өгч хэд хэдэн удаа архинд явуулсан. Б ах “наад хүнээ битгий эрүүл байлга, архи өг, уухгүй бол цутгаж өг” гэсэн. Архи ууж байхдаа намайг ахин АТМ-аас 10 сая аваад ир гэсэн. Би мөнгө авчирсан. Маргааш өглөө нь дахин уугаад мөнгөнд явуулахад Гранд плазагийн АТМ-ээс 11 сая төгрөг аваад буудалдаа ирсэн. Ингээд буудлаас гараад тэр хүн гэрийнхээ ойролцоо байдаг банкнаас 60 сая төгрөг бэлнээр авч өгсөн ...”
Энэ хэргийн зохион байгуулагч У.Баатарын гэрээс “SMITH&WESSON MODEL 36” загварын 9х29мм-ийн револьвер системийн гар буу, сум болон 100 ширхэг хуурамч 100 долларын дэвсгэрт хурааж авчээ. Шүүх У.Баатарыг 4,7 жилийн хорих ял болон 5,4 сая төгрөгийн торгуул, Н.Наагийг 4,1 жилийн хорих ял болон 5,4 саяын торгуул, М.Отгонсүхийг 4,2 жилийн хорих ял болон 5,4 сая төгрөгийн торгуулийн ялаар шийтгэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.