Морин дээрээс дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх амаргүй гэдэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ зовлон нүүрлэлээ. Удирдаж буй Ардын намд хумсаа нуусан муур шиг далд санаатай эгч нар, хэзээ мөдгүй барьж идэхээр зэхэх арслан барс мэт ах нар ч олон. Шүдгүй арсланг бол тоолох аргагүй. Найман жил гудамжинд явсан Ардчилсан намд өлсгөлөн бар арслангаас гадна, олон цөөвөр чоно бий. Энэ үед хамтарсан Засгийн газрыг авч явах маш хэцүү.
Тэр тусмаа 2000 оноос улстөрд хүч үзэж, 2004 оноос УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, БХБ-ын сайд, Ерөнхийлөгчөөр хүртэл сонгогдож явсан сайн муу арга, туршлага ихтэй хүн хажууд байхад... Саяхан улс тунхагласны баяраар Женкогийн троллууд гэх нийгэмд яригддаг олон дагагчтай нэр бүхий нөхөд жагсаал цуглаанд уриалаад байсан. Ерөнхий сайдыг шахаж, дарамт үзүүлж байгаа хэлбэр биз. Одоо удахгүй он гараад Засгийн газарт халгаа сэлгээ хийгдэж магадгүй нь. "Өвчтэй шүдээ сугална" гэж ярьдагчлан эхлээд нийгэмд нэр хүнд муутай сайд нараа шахах бололтой. Эхний ээлжинд Соёлын сайд Ч.Номин ажлаа өгнө, ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн гэх яриа гарч байна. Ч.Номин сайдын гадаад томилолтын зардал асар их гарсан, 18 тэрбумаар үнэгүй кино үзүүлэх гэхчлэн олон нийтийн эсэргүүцлийн төрүүлсэн үйлдэл их. Тиймээс эхний ээлжинд Соёлын сайд ажлаасаа чөлөөлөгдөх нь олон нийтийн санаа бодолд нийцнэ биз ээ.