Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож байгаа “Бадрах энержи” компанийн эсрэг цогтой тэмцэгч, халуун эх оронч Б.Хөхөөгийн тэргүүлдэг “Эвийн хүч, Эх нутгийн төлөө” гэдэг ТББ бий. Энэхүү ТББ нь “Босоо хөх Монгол”-той хамтран ажилладаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр П.Шинжээравдан нь “Үнэн ба Зөв” намаас нэр дэвшсэн. Тэгвэл энэ зодоон сонгуулийн үеэр “Эвийн хүч, Эх нутгийн төлөө” ТББ-ын офисд болжээ. Дорноговийн малчин Ө.Төмөрөө нь хохирогч Д.О-тай урьд өмнө нь үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, дээрх үйл явцыг баримтжуулах зорилгоор бичлэг хийсэн хохирогчийн утсыг авах шалтгаанаар биед нь хүч хэрэглэн гарыг нь базах, нуруун дээр нь хөлөөрөө өвдөглөх, үснээс нь зулгаах зэргээр халдаж хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
Хохирогч ийн мэдүүлжээ.
“...Би 2024 оны 6-р сарын 2-ны өдөр уран олборлохыг эсэргүүцдэг ТББ-ын тэргүүн Хөхөөтэй уулзахаар оффис дээр очсон. Өмнө нь би нэр дэвшихэд нь туслана гэж амласан юм. Намайг очиход гурван жилийн өмнө миний нэр төрд халдаж намайг гүтгэж байсан Төмөрөө гэх залуу байсан. Намайг “Хөхөө ах байгаа юу, чи энд юу хийж байгаа юм” гэж асуухад тэрээр “чамд ямар хамаатай юм, зайл гэж” хөөсөн. Би “чи яагаад намайг тэгж гүтгэсэн юм бэ” гэхэд хэл амаар доромжилж хөөж цээж рүү түлхэж унагаасан. Би арагш унахдаа баруун гуяа ухаалаг дэлгэцийн хөлд цохисон. Босоод уурандаа бичлэг хийж өөдөөс нь янз бүрээр хэлсэнд Төмөрөө уурлан улам дайрсан. Намайг хөөж гаргах гэж зуурч байхдаа чимхэж өшиглөсөн. “Наад бичлэгээ боль” гээд миний гарыг базаж утас булаах гэхээр нь утсаа хоёр гартаа барин доош тонгойж дөрвөн хөллөж суусанд нуруун дээр өвдөглөж зүүн гараараа утастай гарыг барин баруун гараараа дагзны үснээс зулгаасан. Тэгэхээр нь би “наадах чинь 4,000,000 төгрөгийн үнэтэй утас шүү” гэж хэлсэн...”
Харин шүүгдэгч ийн мэдүүлжээ.
“... Эвийн хүч, Эх нутгийн төлөө ТББ-д Хөхөө ахын гуйснаар ирээд ажиллаж байхад хуучин танил Д.О орж ирээд “чи энд байгаа юм уу, намайг яаж доромжилдог гэнээ” гээд бид хоёр маргалдах үед утсаа гарган бичлэг хийсэн. “Бичлэгээ боль” гэхэд болихгүй намайг хэл амаар доромжилсон. Би утсыг нь авах гэж зууралдсан. Д.О миний гарыг хазаж, мөн сандлаар цохиж, зүүн гарын долоовор хурууг зүссэн...”
Харин ТББ-ын тэргүүн Б.Хөхөө ийн мэдүүлжээ.
“... Намайг гадуур ажилтай явж байхад Төмөрөө залгаад маш их сандарсан байдалтай “Хөхөө ахаа яаралтай ирээрэй, туслаарай” гээд утас нь тасарсан. Би Мөнхбаярт Шинжээравдан руу залгаад оч гэж хэлүүлсэн. Шинжээравдан оффис дээр очсон байсан. Мөнхбаяр бид хоёрыг очиход манай өрөөний хаалга үүд нь дэлгээстэй яваад ороход тэр хоёр хоорондоо зууралдаж маргалдсан байсан. Би ороод “та хоёр боль” гэхэд бие биеийнхээ хувцаснаас зуураад тавихгүй, өөрсдөө цагдаа дуудсан гэж байсан...”
Шүүх ураны эсрэг тэмцэгч Дорноговийн малчин Ө.Төмөрөөг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.