Энэхүү 35 сая төгрөгийн хахуулийн хэрэг нь Салхитын мөнгөний ордтой холбоотой болж таарсан. Хахуулийн мөнгө нь “Жи Пи Эф” компанийн 2012 оны 7-р сарын 28 гэсэн огноотой 01 дугаартай “Хувьцаа эзэмшигч хувь нийлүүлэгчдийн тогтоол”, 2012 оны 4-р сарын 23 гэсэн огноотой “Эрх шилжүүлэх гэрээ” гэх баримтууд дээр зурагдсан Ц.Мөнгөншагайгийн гэх гарын үсгүүдийг биш гэж гаргуулах зорилготой байжээ. Энэхүү хэрэгт Гадаад иргэн харьяатын газргын дэд дарга асан Б.Цолмон зуучлагчаар оролцсон. Тэрээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн газрын даргын ээжийн авга ахых нь хүүхэд. Дэд дарга нь Ц.Мөнгөншагайтай найз, хамт зуу татдаг гэнэ. “Салхит-ын эр “миний гарын үсэг зураагүй баримт бичиг дээр намайг зурсан гэх гүтгэлэгийн хэрэг цагдаад шалгагдаж байгаа. Гарын үсэгт шинжилгээ хийлгэхээр ШШҮХ лүү явсан. Шинжилгээний дүгнэлтиййг намайг зураагүй гэдгээр гарах хэрэгтэй байна. Иргэний хэргийн шүүх дээр би ялсан” гэхэд дэд дарга таньдаг хүн байгаагаа хэлээд асууж өгөхөөр болжээ. Ингээд хамаатантайгаа ярьжээ. Хамаатан нь “Мөнгөншагайгийн хятадуудтай холбоотой гарын үсгийг шалгаж байгаа, ерөнхийдөө нэг шинжээч маань мөн гэж гаргасан, минийхээр таарахгүй байгаа. Шинжээч Авидхүү алдаа гаргасан юм шиг байна” гэжээ. Өмнө нь хоёр ч удаа шинжилгээ хийсэн агаад энэ удаад Ж.Тамир, С.Сэлэнгэ, Э.Солонго нарын бүрэлхүүнтэй баг Дундговь аймгийн архивд очиж ажиллажээ. Шинжилгээ хийгдэх явцад Д.Адилбаяр нь Ж.Тамирыг өрөөндөө дуудаад “...чи Мөнгөншагай нарын хэрэгт шинжилгээ хийж байгаа, наад шинжилгээ чинь хэл ам ихтэй, сайн харж хийх хэрэгтэй шинжилгээ шүү, өмнөх шинжээч нарын дүгнэлт нь зөрж гарсан. Авидхүүг шинжилгээ хийх явцад нь би харж байсан, намайг харахад бол Мөнгөншагайн гарын үсэг биш байсан, тэгсэн хэрнээ мөн гээд гарчихсан, гол нь тэр эрх шилжүүлэх гэрээн дээр зурагдсан гарын үсгийг нь сайн хараарай, тэрэн дээр бол Мөнгөншагай яалт ч үгүй зураагүй л байгаа юм даа” гэжээ. Үүний дараа ахлах шинжээч Солонго “Тамираа ахаа дарга тантай уулзсан уу” гэжээ. Дарга нь бас нөгөө хоёр шинжээчид “чиглэл” өгсөн байжээ. Удалгүй Тамирыг ахиад өрөөндөө дуудаж “ та нар нэгдсэн шийдэлд хүрсэн үү, би Э.Сэлэнгэ, С.Солонго нартай уулзаад хэлчихсэн байгаа шүү” гэхэд нь эрх, эд хөрөнгө шилжүүлэх гэрээн дээр зурагдсан гарын үсгүүд нь тохирохгүй байгаа ч тохирч байгаа юмнууд бий гэдгийг нь хэлжээ. Харин дарга “ер нь шууд бүгдийг нь Мөнгөншагайн гарын үсэгтэй тохирохгүй гээд гаргачихвал яасан юм бэ” гэж тулгасан байна. Шинжилгээ хийгдэх явцад ГИХГ-ын дэд дарга асан нь хэдэнтээ ШШҮХ-д очсон ч ажлаар эргэлдлээ хэмээн Б.Адилбаярт аашлуулжээ. 2018 оны 6-р сард дахин очиход мөн л “чи энэ хавиар битгий эргэлдээд бай, Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг нь таарахгүй байна лээ, дүгнэлтийг цагдаад хүргүүлсэн” гэжээ. “Салхит”-ын эрд энэ баярт мэдээг дуулгахад тэрээр аль хэдийн мэдчихсэн байсан гэнэ. Удалгүй тэр хоёр уулзаад Ц.Мөнгөншагай нь “нөгөө ах хүүгээ шагная” гээд “хүний амьдрал юм чинь энэ зүйлийг хүргээд өгчихөөрэй, энд 35 цаас байгаа” хэмээн бор өнгийн ууттай мөнгө өгчээ. Б.Цолмон мөнгийг аваад ажил бүтээсэн хамаатан луугаа ярьж Их тэнгэрийн амны хавьцаа уулзаад “зүгээр шагнаж байгаа юм шүү” гээд дамжуулж өгчээ. Д.Адилбаяр мөнгөнөөс таван саяыг аваад үлдсэнийг нь дүү Адилгүйдээ өгч евро болгохыг хэлжээ. Харин Ц.Мөнгөншагай нь “би Б.Цолмоныг ГИХГ-д ажилладаг гэдгээр нь хууль зүйн зөвлөгөө авахаар 40 сая төгрөгийг өгсөн” хэмээн мэдүүлжээ. ГИХГ-ын дарга нь "зуучлалын" хөлсөнд таван саяыг авсан болж таарч байна.