Нийт зургаан жилд 160 гаруй тэрбум төгрөгөөр 140 мянган зуух тараасан байна
Хотын дарга Х.Нямбаатар гэр хорооллын 32 мянган айлд зуух зээлээр тараахаар болсноо зарлалаа. Төсвийн 28 тэрбум төгрөгөөр 32 мянган зуух тендерээр худалдаж аваад гэр хорооллын айлуудад зээлээр тараах гэнэ.
Энэ зуух тараах санаа анхны биш ээ, 2010-2016 онд “утаагүй” гэх зуух тараах ажлыг “MCS”-ийнхэн "амжилттай" хэрэгжүүлсэн.
Үндэсний аудитын газрын дүгнэлтээр 2010-2013 онд Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн 33.8 сая ам.долларын санхүүжилтээр 98 мянган зуух, 2013-2016 онд Засгийн газар ба Дэлхийн банкны хамтарсан “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн 4.5 сая ам.долларын санхүүжилтээр 40 мянган зуух, нийт 140 мянган зуух тараасан байна. Нэмээд, 2011-2015 онд Засгийн газрын харьяа “Цэвэр агаар” сангаас 32 тэрбум төгрөгөөр зуух тараажээ. Нийт зургаан жилд 160 гаруй тэрбум төгрөгөөр 140 мянган зуух нийслэлчүүдэд тараасан байна.
Тэгвэл дээрх 160 гаруй тэрбум төгрөгийн 140 мянган зуухыг “Сэлэнгэ констракшн” ХХК болон “Рояал өүшн” ХХК гэх хоёр компани нийлүүлж, тараасан байдаг.
Дээр дурдсан АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилттэй 33.8 сая ам.долларын санхүүжилттэй 98 мянган зуухны “Цэвэр агаар” төсөл хэрэгжиж дууссаны дараа Засгийн газраас дахиад 40 мянган зуух тараах шаардлагатай гэж үзсэн. Ингээд Засгийн газар, Дэлхийн банкны хамтарсан 4.5 сая ам.долларын санхүүжилттэй, “Улаанбаатар-Цэвэр агаар” нэртэй, 40 мянган зуухны хөтөлбөрийг 2013 оны есдүгээр сард эхлүүлсэн.
Энэхүү “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг дахиад л “Сэлэнгэ констракшн” ХХК болон “Рояал өүшн” ХХК гүйцэтгэж, өнөөх Өлзий, Хас, Дөл, Голомт нэртэй зуухнуудаа оруулж ирж тараажээ.
Ийнхүү “Сэлэнгэ констракшн” ХХК болон “Рояал өүшн” ХХК гэх хоёрхон компанийн Турк, Хятадаас оруулж ирсэн Өлзий, Хас, Дөл, Голомт гэх дөрвөн төрлийн зууханд АНУ-ын Мянганы сорилтын сангийн 33.8 сая ам.доллар, Засгийн газар, Дэлхийн банкны 4.5 сая ам.доллар, Засгийн газрын харьяа “Цэвэр агаар” сангийн 32.2 тэрбум төгрөг буюу одоогийн ханшаар 160 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ.
Тэгвэл Улаанбаатарт зургаан жил зуух тараасан “Сэлэнгэ констракшн” ХХК болон “Рояал өүшн” ХХК-ийн эзэд нь “MCS”-ийн Ж.Оджаргалын хамаарал бүхий нөхөд байдаг
Тухайлбал, “Сэлэнгэ констракшн” ХХК-ийг Лувсандашийн Мягмаржав гэх хүн эзэмшиж байгаад татан буулгасан. Тэгвэл Л.Мягмаржав нь 2002 оноос Ж.Оджаргалын “MCS” группийн харьяа “Зүүн хараа трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2004-2014 онд Ж.Оджаргалын “М Си Эс кокакола” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2014-2015 онд “MCS” группийн Дэд ерөнхийлөгчөөр, 2015 оноос хойш одоог хүртэл “М Си Эс кокакола” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ