alim.mn | 2025.01.10
"Trafigura" 500 сая доллароо Монголоос хайж байна

Монгол дахь "Trafigura" компани 1,1 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан тухай мэдээлэл Bloomberg,Financial Times (FT) сонин тэргүүтэй дэлхийн томоохон хэвлэлээр гарсан. Өнгөрсөн 2024 оны 10.30-нд "Швейцарийн "Трафигура" компани ажилчдынхаа хөрөнгө шамшигдуулсан, залилан мэхэлсэн байж болзошгүй үйлдлээс үүдэн 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласнаа санхүүгийн тайландаа тусгасан” гэж мэдээ гарсан. Тухайлбал, 2023 оны эцэст Монгол дахь салбар бизнестэй нь холбоотой, тайлан тооцооны асуудал илэрсэн, бичиг баримт засварласан, нуун дарагдуулсан зэрэг зөрчил гарсан гэжээ. Энэ талаар "Трафигура"-гийн төлөөлөгч мэдээлэхдээ "Монгол дахь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг салбарт ноцтой зөрчил илэрсэн" гэж онцолсон байдаг. Энэхүү ноцтой зөрчил ойролцоогоор таван жил үргэлжилсэн хэмээн үзэж,  "Трафигура"-гийн хэд хэдэн ажилтан чөлөөлөгдсөний дотор Монгол дахь Гүйцэтгэх захирал Михаил Зелдович оржээ.  Тэрчлэн "Трафигура" компани алдсан 500 сая ам.доллароо Монголоос хайж байгаа гэх...

Хардахад холбоотой байж сэжим байж ч магадгүй.

Юутай ч энэ үеэр эргэн санахад 2022 оны эхээр УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр тухайн үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Үндэсний хөрөнгө оруулалтын банкны мөнгөн урсгалд өөрчлөлт орж эхэлсэн. Тус банкны пассив талд 15 сая ам.доллар орж ирсэн” гэж хэлсэн. Олон нийт төдийлөн анзаараагүй. Тэгвэл байдал хүндэрсэн банкинд 15 сая ам.доллар хаанаас, яагаад орж ирэх болов?

Сонирхолтой нь үнэхээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд тухайн үед эхлээд 15 сая ам.доллар, дараа нь 2 сая ам.доллар, нийт 17 сая ам.доллар орж ирсэн гэх мэдээлэл гарч билээ. Энэхүү 45 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хадгаламжийн эзэн хэн байв?

 Уг нь тухайн үед Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нийт өр 100 тэрбум бөгөөд үүний 76 тэрбум нь төрд өгөх өр байна. Үүнээс 40-өөд тэрбум нь “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийнх, 13 тэрбум нь “Эрдэнэс Тавантолгой”, үлдсэн нь бусад байгууллагынх гэж шуугиж байлаа. Байдал ийм байхад амь тариа болж ирсэн мөнгө хэнийх вэ? Тэр хадгаламжийн эзэн нь “Трафигура”-ийн босс Э.Жононбаяр байлаа гэлцсэн.

  “Трафигура”-ийн охин компани, уг хадгаламжийн эзэн “Аргал ойл” компани нь Э.Жононбаяр, түүний ээж, Гаалийн ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Д.Эрдэнэсүрэн нарын эзэмшил бөгөөд нефтийн бүтээгдэхүүн, газрын тосны жижиглэнгийн худалдаа, бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2018 оны 5 дугаар сард байгуулагдсан компани. Хардвал, “Аргал ойл” ХХК нь Д.Сумьяабазарыг УУХҮ-ийн сайд байхад байгуулагдсан, хичнээн лиценз эзэмшдэг бол гэсэн хардлага тухай үед гараад өнгөрсөн билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ