alim.mn | 2025.02.12
ЭТТ ХК-ААС СОХ ДУТСАН 5,2САЯ ТОНН НҮҮРС ХААЧИВ?
Манайд авлига хээль хахууль яаж цэцэглэж, бүр оройдоо хүрсний жишээ бол нүүрсний хулгай. Төрөөс төрсөн тэрбумтан олон байдаг нь нүүрсний хулгайтай холбоотой.
 Нүүрсний сонсгол хүртэл хийлээ. Энэ сонсголын үеэр хэд хэдэн ноцтой баримт ил болсны нэг нь 5,2сая тонн коксжих нүүрс сох дутсан явдал юм. Гэхдээ 5.2 сая тонн нүүрс нь мөнгөөр тооцвол  5 тэрбум орчим ам.долларын үнэтэй. Монгол мөнгөөр 17 их наяд төгрөг. Энэ их коксжих нүүрс хэний халаасанд орсон, хэн завшсан гэдгийг тодорхой болголгүй нуугаад орхилоо.
Нэг жишээ дурдахад Монгол Улсаас 2022 онд Сингапур улс руу 1,2 сая тонн буюу 336 сая ам.долларын чулуун нүүрс экспортолсон гэж тайлагнасан байдаг. Гэвч Дэлхийн банкны тайланд өгүүлснээр Сингапур улс Монгол Улсаас шанага нүүрс ч импортоор авч байгаагүй юм байна. Энэ хэмжээний нүүрс хилээр, тэр тусмаа Сингапур луу бүртгэлгүй гарна гэдэг бол байж боломгүй явдал.
Ийм хэмжээний нүүрс Монголын хил гаалиар давж чадлаа гэхэд Хятадын хил гаалиар орж, гарч хэн нэгэнд мэдэгдэхгүй гарч, Сингапурт очно гэдэг бүтэшгүй гэдэг нь мэдээж.

Тэрчлэн 2022 оны сүүлчээр тухай үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарсан нүүрсний экспортын тээвэрлэлтэд хийсэн шалгалтын үр дүнг танилцуулсан.

Шалгалтыг 2013, 2018, 2022 онд хийсэн байдаг. Ингэхдээ Монгол Улсын хилээр экспортод гарсан нүүрсний мэдээллийг БНХАУ-ын гаалийн мэдээлэлтэй тулгах замаар тодорхой зөрчил, нотлох баримтууд илрүүлжээ.

Дээрх гурван шалгалтаар нийт 1.4 сая тонн буюу 108.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрсийг улсын хилээр хууль бусаар гаргасан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон. Үүнд,

-379 мянган тоон нүүрсийг гаалийн мэдүүлэггүй улсын хилээр гаргасан

-857.3 мянган тонн нүүрсийг гаальд мэдүүлснээс илүү хэмжээгээр экспортолсон

-186 мянган тонн нүүрсийг гаалийн мэдүүлэггүй манифестаар гаргасан зөрчлүүд багтана.

Хамгийн ноцтой нь гэвэл 2022 онд хийгдсэн шалгалтаар ХХЕГ-ын улсын хилээр нэвтрэгчийг бүртгэдэг бүртгэлийн системийн мэдээллийг устгасан, засварласан болохыг тогтоосон. Улмаар ХХЕГ-ын зүгээс БНХАУ-ын хил хамгаалах байгууллагад хандан 2021 оны аравдугаар сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны хооронд улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн мэдээг гаргуулан авч, Гаалийн мэдээлэлтэй тулгалт хийхэд 574 тээврийн хэрэгслийн зөрүү гарсан байна. Энэ мэтээр нүүрс хулгайлдаг бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ