“Тавантолгой түлш” ХХК-д “Алхими” ХХК сүүлийн хоёр жил дангаараа 34.4 тэрбум төгрөгийн шуудай шахжээ
Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан. Гэтэл утаа буурсангүй. Харин “Тавантолгой түлш” ХХК-ийг тойрсон маш олон бизнес цэцэглэсэн. Барьцалдуулагч нийлүүлэх, шуудай нийлүүлэх нь том бизнес явдаг. Энэ чигээрээ цааш явбал “Нүүрсний хулгай-2” гэдэг асуудал дэгдэнэ. Тиймээс “Тавантолгой түлш” ХХК-д аудитын шалгалт оруулна. Бас хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Ер нь бол “Тавантолгой түлш” ХХК-д хулгай гарах бүх нүх, сүв бүрийг таглана” гэсэн билээ. Хотын дарга Х.Нямбаатар “Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч, шуудай “шахах” бизнес хэрээс хэтэрсэн, “нүүрсний хулгай”-н хэрэгтэй дүйцэхүйц том асуудал болчихоод байгаа гэсэн үг гэж анхааруулжээ. "Тавантолгой түлш" ХХК долоон жилийн хугацаанд шахмал түлшний шуудай худалдан авахад 83 тэрбум төгрөг зарцуулжээ.
“Тавантолгой түлш” ХХК-ийн шуудайны нийлүүлэгчдийг шүүж үзэхэд “Алхими” ХХК сүүлийн хоёр жил дангаараа 34.4 тэрбум төгрөгийн шуудай “шахжээ”. Тухайлбал, “Алхими” ХХК нь:
- 2023 оны долдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Баруун үйлдвэрт шуудай худалдан авах”- 5.6 тэрбум төгрөгийн тендер
- 2023 оны долдугаар сард“Тавантолгой түлш” ХХК-ийн “Зүүн үйлдвэрт шуудай худалдан авах”- 5.6 тэрбум төгрөгийн тендер
- 2023 оны долдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Төвийн үйлдвэрт шуудай худалдан авах”- 5.6 тэрбум төгрөгийн тендер
- 2023 оны есдүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Шуудай худалдан авах”- 2.8 тэрбум төгрөгийн тендер
- 2024 оны гуравдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Шуудай худалдан авах”- 14.7 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна.
“Алхими” ХХК хоёр жил дараалан дангаараа “Тавантолгой түлш” ХХК-д нийт 34.4 тэрбум төгрөгийн шуудай нийлүүлсэн байна гэсэн үг.
Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-ийг улаан шуудайгаар хангадаг “Алхими” ХХК-ийг Б.Ганбат гэх залуу эзэмшиж, удирддаг. Тэрбээр 2020 оны зургадугаар сараас эхлэн “Алхими” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой түлш” ХХК тэргүүтэй төрийн том компаниудын том төсөвтэй бүхий л тендерт ялж, "түүж" эхэлсэн байгаа юм. Өнгөрсөн хугацаанд “Алхими” ХХК нь төрийн 78 тендерт шалгараад буй "гайхамшигт" компани.
“Алхими” ХХК-ийг эзэмшигч Б.Ганбатын "алтан ураг" гэвэл төрсөн эгч нь Б.Гүнжидмаа, Б.Гүнжидмаагийн нөхөр нь Авирмэдийн Алтанхуяг гэж хүн бий.
Тэгвэл “Алхими” ХХК-ийг эзэмшигч Б.Ганбатын хүргэн ах А.Алтанхуяг нь МАН-ын гишүүн бөгөөд 2012-2016 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшиний туслах, бие төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Ингэхдээ А.Алтанхуяг нь Ө.Энхтүвшингийн туслах гэхээсээ орлогч нь аятай аашилдаг, ёстой баруун гарынх нь бат итгэлт хүн.
2016-2020 онд Ө.Энхтүвшин, түүний туслах А.Алтанхуяг хоёр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийх, тусламж үзүүлэх, бэлэг, шагнал тараах бүрд Чимэдбатын Дэчингалсан гэдэг хүн байнга дагаж явдаг байсан. Учир нь, А.Алтанхуяг, Ч.Дэчингалсан хоёр 2012-2016 онд дөрвөн жил Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хамт сууж нөхөрлөсөн. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа А.Алтанхуяг нь Ө.Энхтүвшингийн туслах болж, Ч.Дэчингалсан нь Чингэлтэй дүүргийн 12-р хорооны ИНХ-ын дарга болсон байгаа юм. Ингээд А.Алтанхуяг, Ч.Дэчингалсан хоёр 2016-2020 онд гар нийлж ажиллажээ. Ч.Дэчингалсан Чингэлтэй дүүргийн 12-р хорооны ИНХ-ын дарга гэх ч үнэн хэрэгтээ “Тавантолгой түлш” ХХК-ийн технологи, тоног төхөөрөмжийг хариуцдаг “нууц ноёнтон” нь ажээ.
Ч.Дэчингалсан нь “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх солонгост технологийг оруулж ирсэн гол хүн нь гэнэ. Ч.Дэчингалсан 2020 оны зургадугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөлөгчөөр БНСУ-д очиж, “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Монгол руу ачуулж байжээ.
Ингээд болоогүй, Ч.Дэчингалсан 2022 оны нэгдүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байна. Улмаар “Тавантолгой түлш” ХХК-ийн тэрбумын тендерт ялж эхлэжээ.
Хардах эрхтэй, “Алхими” ХХК МАН-ын кадр, Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн дэмжлэгтэйгээр ингэж амжилттай ажиллаад байна уу?
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ