Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв таалал төгсжээ. Тэрбээр 1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар төржээ. Л.Түдэв 1942-1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950-1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953-1956 онд УБДС, 1964 – 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн ажгуу. Л.Түдэв 1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан юм.
Монголын уран зохиолын ноён сүмбэр оргилуудын нэг Лодонгийн Түдэв гуай "Уулын үер", "Нүүдэл суудал", Хорвоотой танилцсан түүх, Хувьсгал танаа өчье, Оройгүй сүм, "Дээр хөх тэнгэр, дор бор дэлхий" зэрэг хэдэн зуугаар тоологдох шилдэг бүтээл, ном зохиол хэвлүүлсэн алтан үеийн алдарт зохиолчдын нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, энэ эрхэм Ардын Уран зохиолч, Төрийн шагнал хүртсэн дэлхийн энтэй цөөхөн зохиолчдын нэг нь байлаа. Хөх тэнгэрийн дор түүний уран бүтээлүүд амьдарсаар байх болно.