Нөхрөө хөнөөхөөр тарианд нь уксус ундаанд нь хулганы хор хийсэн Увсын эмэгтэй, түүний нууц амраг хоёрт 12-13 жилийн хорих ял оноожээ

Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоос дутахгүй шуугиан тарьсан нэгэн хэрэг нь Бөхмөрөн сумын эмэгтэй, дөрвөн хүүхдийн ээж Ч.О нь өөрийн нууц амраг гэх нутгийн иргэн Б.Ц-тэй бүлэглэн 2024 оны 9-р сарын 6-ны өдөр ундаанд хулганы шингэн хор хийж, нөхөр Г.Б-д уулгасан, 2024 оны 9-р сарын 7-ны өдөр архинд хүнсний зориулалттай уксус хийж нөхөр Г.Б-д уулгасан, мөн 2024 оны 9-р сарын 11-нээс 24-ний өдрийн хооронд нөхөр Г.Б-ыг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь сахиураар хамт байхдаа тарианы шингэнд нь хүнсний зориулалттай уксус хийж түүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэг юм. Нууц амрагийн холбоотой гэх Б.Ц нь Ч.О-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн түүний нөхөр Г.Б-ыг хордуулж алах зорилгоор аймгийн төвөөс хулганы шингэн хор, хүнсний зориулалттай уксус авчирж Ч.О-д өгсөн, Г.Б-ыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь хийж буй шингэн тарианд нь уксус хийхийг зөвлөж хүн алахыг завдсан гэж буруутгагдсан.
Уг нь энэ эхнэр нөхөр хоёр 17 жил хамтран амьдарч дөрвөн хүүхэдтэй болжээ. Нөхөр нь эхнэрээ өөр хүнтэй болсоныг 2023 оноос гадарласан байна. Гэхдээ өөрөө зөөлөн хүн тул тайван хүлээж авчээ.
“... 2023 оны хавар намайг сумын төвөөс ирэхэд багын найз Б.Ц манайд байсан. Маргааш нь эхнэрээсээ “ямар учраас Б.Ц намайг байхгүйд ирсэн юм” гэж асуухад “бид хоёр унтсан, дахин тэгэхгүй” гээд өнгөрсөн. Дараа нь би Б.Ц-ээс “чи эхнэртэй минь унтсан юм уу” гэхэд “уучлаарай, ганцхан удаа унтсан” гэсэн. Тэрнээс хойш Б.Ц урьдын адил манайхаар орж гараад явдаг. ..”
Гэсэн ч явдалтай хоёрын харилцаа улам гүнзгийрч харин нөхөр нь тэдний жаргах замд саад болж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтаар нөхрийг “зайлуулсан”-ы дараа тэд гэрлэхээр тохирсон гэж тогтоогджээ. Нөхөр нь ч тэр тухай сонссон аж.
“... 2023 оны намар намайг гэрийн гадаа мотоциклоо янзлаад сууж байтал эхнэрийн утас дуугарсан. Б.Ц залгасан байсан. Эхнэр намайг хониндоо явсан гэж бодоод утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан. Тэр үед Б.Ц “танай нөхрийг алмаар байна, хулганын хор өгөөд алчихъя” гэхэд эхнэр “манай хүн юмны амтыг сайн мэддэг, яаж өгч болдог юм” гээд утсаа тасалсан. Би тэр дор нь гэрт ороод “хэн намайг ална гээд байгаа юм” гэхэд эхнэр “би олон жил ханилчихаад юу гэж тэгдэг юм” гээд намайг татаж үнссэн. Би бичиг үсэг мэдэхгүй, утсаар мессеж бичиж, уншиж чадахгүй тул эхнэрээ өөр хүнтэй харьцаж байсан гэдгийг мэдэх боломжгүй ...”
Гэсэн ч тэд эргэлт буцалтгүйгээр нөхрийг зайлуулахаар шийдсэн байжээ. 2024 оны намраас нөхрийн бие муудаж хамраас нь цус гарч эхэлжээ. Аймгийн эмнэлэгт хэвтээд тэндээсээ хотод Цэргийн төв эмнэлэгт ирж эмчлүүлээд аврагджээ.
“...Өвчтөн 2024 оны 10-р сарын 8-нд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хордлого тайлах, цус бүлэгнэлтийн алдагдлыг засах, цус багадалтыг засах, эрхтэн систем хамгаалах эмийн болон хоол эмчилгээ хийгдсэн. Bromadiolone гэх нэршилтэй буюу хулганы хор уусан хүн богино хугацаанд хурц цус алдалтанд орж амиа алдах өндөр эрсдэлтэй. Хулганы хор уусан хүний цусны бүлэгнэл алдагддаг. Өвчтөний хамрын их хэмжээний цус алдсанаас бие нь хүндэрч хэрвээ дээд шатны эмнэлгийн тусламж хурдан аваагүй бол амиа алдах байсан ... “
Энэ хэрэг нууц амраг Б.Ц-гийн “хайхрамжгүй” зангаас болж илэрчээ. Тэрээр хэргийн төлөвлөгөөний талаар тодорхой бичсэн мессэнэжэр чаттай гар утсаа хамаатны хүүхэддээ өгсөн. Хүүхэд гар утсыг нь ухаж байгаад уг чатыг олж уншаад эцэг эхдээ хэлжээ. Харин тэд хохирогчийн хамаатнуудад дуулгасан байна.
“... Манай охин 2023 оны 9-р сард гар утсаа гээчихсэн бөгөөд энэ талаараа надад хэлэх үед хамаатан болох Б.Ц байсан. Тэгээд “надад дэлгэц нь эвдэрчихсэн Galaxy А21s гар утас байгаа, чи дэлгэцийг нь солиулаад ав” гээд өгсөн. Охин дэлгэцийг солиулж барьсан ба уг гар утас дээр нь Б.Ц-ийн “П” гэх фейсбүүк мессенжер хадгалагдчихсан байсан. Уг хаягт “O Ch” гэх фейсбүүк хэрэглэгчээс хайр сэтгэлийн холбоотой чат ирж байна гэж охин хэлэхээр нь “хүний чат руу битгий ор” гээд өнгөрсөн. Сүүлд 2024 оны 9-р сарын 24-ний өдөр байх охин “Б.Ц ахын фейсбүүк чатны мэдэгдлийн тоо их байхаар нь орж харсан чинь “O Ch” фейсбүүк хэрэглэгчээс нөхрийнхөө тариад уксус хийсэн, ундаанд хулганын хор хийж найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо гэрт нэг хулганын хор найруулаад тавьчихсан байгаа гэх чат ирсэн байна” гэхээр нь би өөрийн найз болох Г.У-т “танай төрсөн дүү Г.Б-ын эхнэр чинь манай дүү Б.Ц-тэй ингэж чаталсан байна” гээд үзүүлсэн. Тухайн үед Г.Б нь эрүүл чийрэг, ямар нэгэн өвчингүй атлаа гэнэт хамраас нь цус гарч бие нь муудаад хотод эмчилгээ хийлгэж байсан ...”
Ингээд нөхрийн хамаатнууд нь сандран хөдөлжээ.
“... Би үнэн эсэхийг шалгахаар манай гэрт үлдээсэн төрсөн дүү Г.Б-ын гэрийн түлхүүрийг авч эхнэрийн хамт орж гэрийн хаалганы зүүн талын заваг руу харахад “Фанда” нэртэй 0.5 литрийн ундааны саванд хүрэн өнгийн шингэн зүйл харагдсан. Мөн оёдлын машины тагыг авч үзэхэд “уксус” гэх бичиглэлтэй шилтэй цагаан өнгийн шингэн байсан. Тэр зүйлсэд гар хүрээгүй. Ингээд тэр даруй манай талын дөрвөн хүн сумаас гарч аймгийн төв ороод шууд цагдаад очсон ...”
Хэрэг явдал ингэж илэрсэн ч эхнэр нь нөхрөө алахыг завдсанаа хүлээгээгүй.
“... Би хулганы хор гээд байгаа зүйлийг нөхөртөө өгөөгүй, асгаад хаячихсан. Ямар ч байсан миний дөрвөн хүүхдийн аав шүү дээ. Сүүлд авч ирсэн панта, кола гээд хоёр ундааны колаг нь бүгд хувааж уусан. Энэ хүн л тэр бүхнийг надад авч ирж өгсөн. Би хулганы хор гэж ямар зүйл байдгийг ч мэдэхгүй, манайх наалддаг хулганы хор хэрэглэдэг Намайг анх бэр болоод ирж байхад л манай нөхрийн хамраас цус гоождог байсан. Хоёр жилийн өмнө эмнэг дааганд өшиглүүлээд түүнээс болоод даралт нь ихсэж үе үе хамраас нь цус гардаг болсон ...”
Увс аймгийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 13 жил хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 12 жил хорих ялыг хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх ялыг хэвээр үлдээгээд байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
6 хоногийн өмнө
66.181.177.96
Энэ үнэн бодитой мэдээ юу? Увсынх гээд байдаг хүмүүс худал ярих, хулгай хийхдээ гаргуун шүү дээ.
Төстэй мэдээ