Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Ундраа” хүүхдийн зуслангийн газар нь төрийн байгууллагын эзэмшил, өмчлөлд биш иргэний нэр дээр байгаа нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй талаарх гомдлыг хянан шалгаж, шийдвэрлэв.
Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн “Ундраа” хүүхдийн зусланг уралдаант шалгаруулалтын аргаар гэрээ байгуулан хувьчлах шийдвэр гарч, улмаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г иргэн Ц.Ган-Очтой байгуулсан байна. Иргэн Ц.Ган-Оч нь тухайн үед “Ундраа” хүүхдийн зуслангийн захирлаар ажиллаж байсан.
2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нд зааснаар зуслангийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллуулах, хүрсэн үр дүнг бууруулахгүй сайжруулах нөхцөлтэйгөөр ажиллах үүрэг хүлээсэн байв. Дээрх гэрээ хэрэгжиж эхэлснээс 3 хоногийн дараа буюу 2007 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ц.Ган-Оч нь “Ундраа” хүүхдийн зусланг 100,000,000 төгрөгөөр тооцон өмчлөгчийн эрхийн 11/2007 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн З.Баясгалан-Төгөлдөрт худалдсан байна.
Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газар нь зохих хяналтыг хэрэгжүүлээгүйн улмаас иргэн Ц.Ган-Оч нь гэрээг ноцтой зөрчиж, “Ундраа” хүүхдийн зусланг ашиг олох замаар бусдад худалдан борлуулсан, 2007 оноос хойш зориулалтын дагуу ажиллуулаагүй байна. Тухайн асуудлаар Үндэсний Аудитын газраас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дүгнэлт гаргасан боловч холбогдох төрийн байгууллагууд гэрээг цуцлах, хүчингүй болгох талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Мөн иргэн З.Баясгалан-Төгөлдөр нь хүүхдийн зуслангийн газрыг иргэний зуслангийн зориулалтаар ашиглаж хувийн барилга байгууламж барьсан, нэгж талбарын орц, гарцыг хаасан байгаа нь Газрын тухай хуулийг зөрчиж байх тул Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 34 дүгээр тогтоол, 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 11 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох шаардлагатай байна.
“Ундраа” хүүхдийн зуслангийн газрыг төр өөрийн эзэмшилд буцаан авч, цаашид хүүхдийн зуслангийн зориулалтаар ажиллуулах боломжтой эсэхийг хянан шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан бичиг хүргүүллээ. Үүнтэй уялдуулан 2003 оноос хойш хувьчлагдсан “Өлзийт”, “Соёл” зэрэг хүүхдийн зуслангийн шийдвэрүүд нь хууль тогтоомжид нийцээгүй байж болзошгүй асуудлыг хамтарсан Ажлын хэсэг томилон ажиллуулах талаар судалж байна.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар
