Өнгөрсөн онд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд гарсан ноцтой хэргийн нэг нь 5-р сарын сүүлээр үнэт эдлэлийн наймаа эрхэлдэг П.Амардэлгэр гэх эмэгтэй нь Турк, Солонгосоос худалдаж авсан нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийт таван кг орчим алт, монет, шүрэн үнэт эдлэл/ээмэг бөгж, хүзүүний гинж, бугуйвч, кулон/-ийг 17 жижиг уутанд хийж хөхний даруулга, дотуур өмдний манжатик зэрэгдээ нуун оруулж ирээд баригдсан гэж яллагдсан. Түүнд гаалийн улсын байцаагч Ц.Батболд “тусалсан” гэж буруутгагдсан. Туслахдаа ажлын байраа орхин Сөүл-Улаанбаатарын чиглэлээр ирсэн “эгч/ээж”-ээ тосож аван гар тээшийг өргөн тэргэнцэр дээр тавьж түрэн “Гаальд мэдүүлэх бараагүй” гэсэн хэсгээр орж тэнд ажиллаж байсан гаалийн байцаагчид шалгуулалгүйгээр хяналтын бүсийг нэвтэрсэн нь тогтоогджээ. Байцаагчдын хажуугаар гарахдаа нөгөө эмэгтэйгээ “ээжээ” гэж дуудсанд цаадуул нь шалгаагүй гэнэ. Энэ хэргийг тагнуулынхан илрүүлсэн агаад байцаагч баригдахдаа “манай эгч” гэжээ. “Тусархаг” байцаагч нэг зүйлийг тооцоогүй нь “эгч/ээж” нь өмнө нь хилээр нууцаар бараа оруулж ирээд баригдан “эрсдэлт бүлэг”-т орсон тул тагнуулынхан анхнаасаа хяналтанд авсан байжээ.
... Байцаагч Ц.Батболд нь ажлын байраа орхин явж Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирсэн эрсдэлтэй иргэний бүртгэлд бүртгэгдсэн иргэнтэй уулзаж, яриа өгүүлэл хийгээд тээшийг өргөж тэргэнцэр дээр тавьж түрэн тухайн иргэнийг дагуулж явсаар гаалийн хяналт шалгалтын бүсээр шалгуулалгүй нэвтэрсэн. Улмаар нисэх буудлын хаалгаар гарахад нь дуудаж дахин шалгасан. Рентген аппаратаар тээшийг шалгахад зөрчил илрээгүй. Байцаагчаас “та гаалийн улсын байцаагч байж энэ хүний тээшийг шалгуулахгүй шууд аваад гарч болж байгаа юм уу” гэхэд “би энэ байгууллагад ажилладагийн хувьд таньдаг эгчээ тосоод аваад гарч болохгүй юу” гэж эсэргүүцсэн. Тэгэхээр нь “та энэ хүнийг өөрөө шалгаадах” гэхэд “шалгамааргүй байна” гэсэн. Бусад байцаагч нараар шалгуулахад дутуу шалгасан. Тэгээд тухайн иргэнийг рентген аппаратаар шалгана гэхэд байцаагч “манай эгчийн зүрх муу, рентген аппаратад оруулж болохгүй” гэсэн ...
Гэсэн ч тагнуул болон гаалийн эмэгтэй ажилчдээр биенд нь үзлэг хийлгэжээ. Үзлэгээр биенээс нь ууттай үнэт эдлэлүүд гарсан агаад дээр нь тагнуулын ажилтанд эд зүйл өгөх гэсэн хэрэг нэмэгдсэн.
... Үзлэг хийхээс өмнө "та биед байгаа эд зүйлээ өөрөө гарга” гэхэд " 00-ын өрөө ормоор байна" гэсэн. “Таныг дараа оруулна, өөрөө гаргахгүй бол бид үзлэг хийе” гэсэн. Тэгэхэд хувцсан дотроосоо буюу бэлхүүсний тэр хавиасаа нэг ууттай алтан эдлэл гаргаж ирээд "энийг чи гадаа байгаа залуутай хуваагаад авчих, эгчийгээ аргалаад явуулчих" гэсэн. Тэгэхээр нь би "таны энэ гаргаж байгаа үйлдэл чинь төрийн албан хаагчид хээл, хахууль өгөхийг завдсан үйлдэл болно шүү" гэхэд "чи яасан юм ойлгодоггүй хүн бэ, би энийг чинь оруулж ирж зараад хэдхэн төгрөг олох гэж байна, татвар өндөр байдаг" гэх зэргээр намайг загнасан. Тэгээд хувцас дотроосоо бусад нуусан үнэт эдлэлүүдийг гаргаж тавьсан. Гэхдээ нуусан эд зүйлээ гүйцэт гаргаагүй, дараа нь боди скайнераар нэг уут шүрэн эдлэл илрүүлж хурааж авсан ...
Үнэт эдлэлийн наймаачин эмэгтэй гаалийн байцаагчийн утасны дугаарыг өөрийн худалдан авагч Хунцэнгэлээс авчээ. Худалдан авагчийн нөхөр нь гаалийн байцаагчтай найз гэнэ. Хураагдсан 5,2 кг жинтэй, нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлийн гаалийн татвар нь 164 сая төгрөг болсон. Хэрэг гарсаны дараа тагнуулынхан гаалийн байцаагчийн тусалж буй бичлэгийг авах гэтэл устгагдсан байжээ.
... Маргааш нь Гаалийн хяналтын бүсийн камерыг авах гэсэн чинь бүгдийг нь устгачихсан байсан. Би “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын зөрчлийн ахлах Эрдэнэбаярт хандаж “та нар нотлох баримт устгасан байна шүү” гэхэд “бид мэдэхгүй Гаалийн ерөнхий газарт сервер нь байдаг” гэсэн. Тэгэхээр Гаалийн ерөнхий газар хүртэл гаалийн улсын байцаагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлж байна гэж үзэхээр байна ...
Анхан шатны шүүх үнэт эдлэлийн наймаачин эмэгтэйд нийтийн албан тушаалтанг гэмт хэрэгт хатгасан, татвар ногдох орлогоо нуусан, өөртөө давуу байдал олгохоор албан тушаалтанд эд зүйл өгөхөөр санал болгосон хэмээн нэг жил хорих ял, 3,1 сая төгрөгөөр торгожээ. Гаалийн байцаагчийг албан тушаалаа ашиглан их хэмжээний хохирол учруулсан хэмээн хоёр жилээр хорих ялаар шийтгэсэн. Мөн үнэт эдлэлийг гэмт хэрэг үйлдэж олоогүй гээд эзэнд нь буцааж өгчээ. Харин давж заалдах шатны шүүх хэргийг ахин хэлэлцүүлэхээр буцааж шүүгдэгчидэд хилийн хориг тавин батлан даалтанд гаргажээ. Энэ хэргийн талаар эргэн мэдээлнэ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.