alim.mn | 2024.12.22
"Тендерчин" С.Бямбацогт "концессчин" болж, Ховдын тендерийг шилэн болгоно гэнэ...

Тойргийнхоо бүхий л тендер, худалдан авах ажиллагааг зохицуулдаг, өөртөө “хамдаг” гэгддэг С.Бямбацогт гэнэт “гэгээрч”, Ховдын тендерийг шилэн болгох тухай санаачлага гаргаж, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавт захидал илгээжээ. Илгээсэн захидлаа олон нийтэд ил болгов. Тендерээс төрсөн тэрбумтан гэгддэг С.Бямбацогт гэнэт ингэж дөвчигнөх нь илүү зан гэлтэй.

Аргагүй биз дээ, сүүлийн 20 шахам жил баруун таван аймгийн хамаг эрчим хүч, замын тендерийг хамсан хүн. Тендерээр авсан Дарви-Говь-Алтайн замыг барих гэж “гурилдаж”, С.Бямбацогтын зам гэж там гэх болжээ. Говь-Алтайгаас Ховд орох замд байрлах Ээвийн голын гүүрийг С.Бямбацогтын хамаарал бүхий компани барьсан. Гэтэл энэ гүүр нураад гурван жил боллоо. Далан ээвийн гүүр нь 24 метр урттай гүүр. Энэ мэт хийсэн ажил нь эхнээсээ эвдэрч, хэмхэрч эхэлжээ.

  Удахгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл эхэлж, 40 давхар байшинтай ойролцоо өндөртэй "том ажил" өрнөнө. Уг төсөл нийт 288.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд ойрын жилүүдэд хэрэгжээгүй өндөр дүнтэй төсөл. Энэ усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт тогтсон Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдана. Харин мөнгөний үнэр анддаггүй С.Бямбацогт усан цахилгаан станцын цементийн ажлыг авахаар Ховдод цементийн үйлдвэр бариад эхэлсэн гэнэ.

Одоо С.Бямбацогт бүр томроод, тендер тоохоо болоод концессчин болсон.  Тэрбээр Ж.Эрдэнэбатын засгийн үед УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа өөрийнхөө “Алтай трест” компанидаа “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессын гэрээ байгуулахаар болжээ. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөг. Ингэснээр “Алтай трест” компани 2019 оны улсын төсвөөс  37.2 тэрбум төгрөгийг суулган авсан. Түүгээр ч зогсохгүй анх  77.6 тэрбумаар төсөвлөгдөж байсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн ажлыг 81.8 тэрбум болгон өсгөж, 3.6 тэрбумыг зөрүүнээс нь “цохих”-оор албажуулжээ.Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хамгийн сайн лобби хийж, бусдыг түлхэн, өөртөө ашигтай нүүдэл хийдэг гэгддэг. Ингэж л 2019, 2020 онуудад улсын төсвөөс нийт 67.7 тэрбум төгрөгийг концесс нэрээр "залгиж" байна. Өөрөө өрмийг нь хамж, ховдчууд хусмыг нь долоодог байдал үргэлжилсээр байх бололтой. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ