alim.mn | 2025.12.26
“PC Mall”-ын касс эмэгтэй “сугалаанд алдсан тул сугалаагаар л олж авна” хэмээн орлогын 76 сая төгрөгийг сугалаанд алджээ

“PC Mall” их дэлгүүрийн Сүхбаатар аймгийн салбарын менежер/касс ажилтай эмэгтэй Н.Сэ ... нь нэг жилийн дотор буюу 2023 оны 3-р сараас 2024 оны 4-р сарын хооронд итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас нийт 137,640,660 төгрөгийг хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Тэрээр менежер болсон кассыг давхар хийдгийн хувьд салбараа ахалдаг байсан гэнэ. Ахалдагийн хувьд зарагдсан барааны төлбөр тооцоог  авч төв салбарт тушаах, зарагдсан барааны мэдээг төв салбарт явуулдаг. Байгууллага, компанийн мөнгө завшигчид ихэвчилэн цахим мөрийтэй тоглоомд донтсон байдаг бол Н.Сэ ... нь сугалаанд бүрэн орсон нэгэн байжээ. Тэрээр ийн мэдүүлжээ.

... 2023 оны 7-р сарын 8-нд анх зурагт зарагдсаны хоёр сая төгрөгийг өөрийн дансаар авч Үүлэнгоо, Аззаяа гэх хүмүүсийн сугалаанд оролцож эхэлсэн. Тэрнээс хойш бараа худалдан авч байгаа хүмүүст өөрийнхөө дансыг өгөөд орж ирсэн мөнгөөр нь сугалаанд байнга оролцох болсон. Ихэвчлэн Аззаяа, Үүлэнгоо гэх хүмүүсийн сугалаанд оролцож байгаад сүүлд Болортуяа, Ганчимэг гэх хүмүүсийн сугалаанд оролцдог болсон. Сугалаанд ороод ихэвчлэн алдаад хааяа л мөнгө хождог, хожсон мөнгөөрөө мөн дахиж сугалаанд ордог. Заримдаа автомашины сугалаануудад ч ордог. Ингээд нэлээд их мөнгө алдсан тул “нэгэнт сугалаанд алдсан тул сугалаагаар л буцааж авна” гэж хатуу шийдээд үргэлжлүүлэн сугалаанд ороод л байсан. Дэлгүүрийн орлогын мөнгийг авдаг тул их хэмжээний бараа дутааж байгаагаа мэдэж байсан. Гэхдээ төв салбар луу тайлан өгөхдөө тухайн бараануудыг зарагдаагүй байгаа мэтээр явуулдаг байсан. Гэсэн ч сүүлдээ  маш их мөнгө алдсан тул сугалаагаар тэр мөнгийг олж буцааж дарах худлаа боллоо гэдгийг ойлгоод “PC Mall” ХХК-ний зүүн бүс хариуцсан менежертээ байгууллагын бараанаас дутаасан талаараа өөрөө хэлж мэдэгдсэн ...

Хамт ажиллагсад нь сугалаанд “донтсон”-ыг нь ажиглажээ.

... Ажил дээрээ ихэнхдээ утсаараа сугалааны лайв үзээд сууж байдаг ...

Түүнийг компанийн мөнгөөр улайран сугалаадаж байсан ид үед нь төв салбар нь орлого болон барааны дутагдлыг нь илрүүлж чадалгүй уджээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нийт хохирлыг 60 сая төгрөг гэж тооцоод эвдэрсэн барааг хүртэл хохиролд оруулсан гэж маргажээ. Хаширдаггүй “сугалаачин” хохирлоосоо ердөө таван саяыг л төлжээ. Шүүх сугалаадаад учруулсан хохирлыг 76 сая төгрөгт тогтоогоод 11 сая төгрөгөөр торгосон, дээр нь шүүгдэгчийн одоогийн санхүүгийн чадавхи зэргээс үзэхэд “PC Mall” хохирлоо барагдуулж авах нь эргэлзээтэй болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ