alim.mn | 2025.12.30
“Гэрэгэ Пос”-ын гүйцэтгэх захирал ТУЗ-ийн даргаа “хөнгөхөн” хуураад 30 сая төгрөг “шомбодсон” ХЭРГЭЭС ...

Өнгөрсөн оны эхээр энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан сэргэлэн нь дэндсэн Д.Отгон ...  гэдэг залуу гэнэхэн нь дэндсэн ТУЗ-ийн дарга Н.Э-гээ “хөөрхөн” хуурч 30 сая төгрөгийг нь хөнгөхөн салгасан гэх хэрэг гарсан.  Сэргэлэн гүйцэтгэх захирал ажлаа авангуутаа оны эхэнд олгодог жилийн нийт орлогоос тооцдог урамшууллаа урьдчилж авахаар нэхжээ.

“ ... Компанийн ашгийг нэмэгдүүлнэ, олон газар гэрэгэ посс машиныг борлуулна, шимтгэл нь нэмэгдэнэ, тэртээ тэргүй шимтгэл нэмэгдэхээр компанийн орлого нэмэгдэнэ, тэгэхээр би жилийн эцэст авах урамшууллаа урьдчилаад авъя” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тухайн 15,000,000 төгрөгийг жилийн эцэст олгох мөнгөний урамшууллын хувиар тооцсон дунджаар бодоод өгсөн ... “

Зүй нь урамшууллыг оны эцэст ажлын үр дүнг тооцон олгох учиртай ч ТУЗ-ийн даргатан эхлээд нэг хууртагджээ.

“... Мөнгө авахдаа хэлсэн ярьсан зүйл нь одоог болтол нэг ч хэрэгжээгүй, нэг ч компанид борлуулалт хийгээгүй, жилийн эцсийн урамшууллын дүнг хараагүй. Нэг ёсондоо манайхаас урьдчилж авахдаа ямар нэгэн төлөвлөгөө танилцуулаагүй нь энэ хүн анхнаасаа хууран мэхлэх зорилготой байгаа гэдгийг хэлэх гэсэн юм ...”

Дараагийн удаад бүр томоор хууртагдаж 30 сая төгрөгөө өгөөд явуулжээ.

“... Манайх ... банктай хамран ажиллах гэрээ хийж 2000 пос машин нийлүүлээд гүйцэтгэл дээр бага зэрэг хугацаа алдсан. Хугацаа хоцроосоны алданги  нь бараг 72 сая төгрөг болсон. Тэгэхэд гүйцэтгэх захирал “30 саяыг өгөөд дүйцүүлээд хаах боломжтой,  та надад бэлэн мөнгө гаргаад өгчих” гэсэн. Би “бэлэн мөнгө гаргахгүй, заавал дансаар гаргана” гээд хамтарч ажилладаг гэх "Кемм техноложи" компанийн   данс руу шилжүүлсэн. Дараа нь тухайн компаниас манай гүйцэтгэх захирал  хэрхэн мөнгө авсан талаар нь асуухад хувийн данс руугаа авсан гэсэн. Тэгэхээр нь нэг л биш боллоо гэж хардаад гүйцэтгэх захиралтай  уулзаж “чи тэр мөнгийг өөрөө аваад биднийг хуураад яваад байгаа юм уу” гэж асуухад  “тийм зүйл байхгүй, банкны Үрлээд 30 саяа өгсөн” гэсэн. Би банкны удирдлагуудтай уулзаж алдангийн талаар асуухад нэхэмжилээгүй гэсэн. Мөнгө авсан гэх Үрлээ нь “танай гүйцэтгэх захирал надтай уулзаад өр зээл нэхэгдээд байхаар нь би компаниасаа 30 сая төгрөг гаргуулж авсан, чамд 10 саяыг нь өгье, чи ч гэсэн хамааралтай шүү гэх зүйлс хэлэхээр нь би татгалзсан” гэсэн ...”

Ийнхүү гүйцэтгэх захирлын залилан баригджээ. Тэрээр ТУЗ-ийн даргаа хуурч их хэмжээний мөнгө аваад тэрнийхээ 10 саяар нь банкны ажилтанг өөрийн “талд” оруулах гээд бүтэлгүйджээ. Гэхдээ ТУЗ-ийн даргатан хэрвээ банк 70 сая төгрөгийн алданги нэхэмжилсэн бол түүнийг талд нь ч хүрэхгүй мөнгөөр дүйцүүлэн хаах ямар ч боломжгүй гэдгийг гадарламаар юм. Ямар нэгэн хууль бус найраа тохироо явагдаж байж л их мөнгийг бага мөнгөөр хаана гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийн атал мөнгө гаргаж өгсөн нь “овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэгч болжээ. Компани итгэл алдсан гүйцэтгэх захирлаа хуулийн байгууллагад өгч шүүх шүүгдэгчийг 10 сая төгрөгөөр торгожээ. Экс гүйцэтгэх захирал авсан мөнгөө эргүүлэн өгчээ. Харин урамшууллын 15 сая төгрөгийг иргэний шүүхийн журмаар нэхэмжилэхээр болсон байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ