Увс нутгийн энэ шижигнэсэн залуугийн ажил албан тушаалын түүхэн “замнал”-ыг дурдахад эхлээд “ЭТТ”-н тээвэр зохион байгуулалт, маркетингийн ахлах мэргэжилтнээр, дараа нь 2022 онд Борлуулалт маркетингийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдож суга дэвшсэн. Суга дэвшихдээ мөнгө олох боломж бүрийг гярхай олж харан бүрэн дүүрэн ажиглаж иржээ. Бүр менежер байхдаа буюу 2009 онд нүүрс тээвэрлэлтийн “Хайрхан“ компанийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Баярт “ЭТТ”-оос нүүрс худалдаж авдаг хятад компаниудын мэдээллийг олж өгөөд хариуд нь тонн тутмаас хоёр юаны хахуулийг жилийн турш авчээ. Хахуулийн мөнгөө эхнэрийнхээ төрсөн дүү П.Эрдэнэхүүгийн дансаар авсан байна.
... 2009 оны үед миний хуучин ажиллаж байсан нүүрс тээврийн Хайрхан компанид ажил олдохгүй байсан тул хүнд даацын том оврын машины шатахуун тос, жолооч нарын сул зогсолт, хоолны зардал гээд санхүүгийн том дарамтанд орсон. Энэ үед би Г.Адьяатай уулзаж нүүрс тээврийн ажил олж өгөхийг гуйхад нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй компаниудын мэдээллийг олж өгье, хариуд нь тонн тутмаас хоёр юанийг өг гэснийг нь зөвшөөрсөн. Ингээд хятад компаниудын төлөөлөгчийн утас, мэдээллийг надад өгсөн. Би тэр компаниудтай холбогдож нүүрс тээвэрлэлтийн ажил авсан. Тээвэрлэлт эхлэнгүүт тохирсон ёсоороо мөнгийг нь Г.Адьяагийн хэлсэн дансанд төгрөгөөр шилжүүлж байсан. Бид хоёр 2020 оны эхэн хүртэл хамтдаа иймэрхүү байдлаар ажилласан ...
Мөнгөтэй болсон Г.Адьяа бүр томоор хөдөлж овоолго сольж өгдөг болжээ.
...Манай компанийн Өмнөговь аймгийн Уурхайн тээврийн зохицуулагч хийдэг Наранбадрах ах нэг хятад компанийн нүүрсний овоолгыг солиод өгөх таньж мэддэг хүн байна уу, солиод өгвөл мөнгө төгрөгийг нь өгье гэж надтай холбогдсон. Би үүний дагуу Г.Адьяатай холбогдож нүүрс худалдан авах гэрээтэй “Жан Чан” ХХК-ийн Баруун Цанхийн овоолгыг дотор нь сольж гайгүй овоолгоос ачилт хийлгээд өгөх боломж байна уу, мөнгө төгрөг нь асуудалгүй гэсэн. Тэгэхэд нь шууд зөвшөөрөөгүй, харж байж больё гэсэн. Хэд хоногийн дараа залгаад овоолгыг нь сольж болох юм байна гээд тухайн үед 30,000,000 төгрөгөөр тохирсон. Тэгээд овоолго солиулсан хятад компаниас мөнгө Наранбадрах ахаар дамжиж миний дансанд орж ирсэн. Юаниар орж ирсэнийг нь төгрөгт шилжүүлээд өөртөө зургаан саяыг аваад 24,000,000 төгрөгийг нь Г.Адьяагийн хэлсэн дүүгийнх нь гэх данс руу шилжүүлсэн ...
Хэлтсийн дарга болсон хойноо бүр цаашилж нүүрс тээвэрлэлтийн дурын компанийн захирал руу яриад мөнгө авдаг болжээ. “Интертранс” компанийн захирал Д.Загдхорлоо таван сая төгрөг “зээлүүлсэн” гэнэ.
... Г.Адьяатай “ЭТТ” дээр тамхилж байхдаа танилцсан санаж байна, надаас таван сая төгрөг зээлсэн ...
Харин хэлтсийн дарга зээлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
... Миний хувьд 2006 оноос Баяр, Нармандах, Загдхорлоо гэсэн хүмүүстэй ажил хэргийн шугамаар танилцсан. Хамгийн анх Баяр нүүрс худалдан авагч хятад компаниудын мэдээллийг олж өгөөч, эргээд чамд зүгээр байхгүй шүү гэсэн санал тавьсны дагуу ЭТТ-той гэрээтэй компаниудын мэдээллийг олж өгөөд хариуд нь нийт 40 орчим сая төгрөг эхнэрийнхээ дүүгийн дансаар шилжүүлэн авсан. Загдхорлоо гэх хүнээс 2009 оны 6-р сард найман сая төгрөг зээлээд буцаагаад өгсөн. Дараа нь мөнгөний хэрэг болоод “манай компанитай холбоотой хэрэгтэй юм гарвал хэлээрэй” гээд таван сая төгрөг аваад буцааж өгөөгүй ...
Энэ хэргээс хамгийн сонирхолтой нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдоод гоо сайхны хагалгаанд орж зүсээ хувирган бүр гадаадад зугтан гарсан гэж шуугисан Д.Наранхүүгээс хүртэл мөнгө авчээ. Гишүүн асан Ш.Раднаасэдийн туслах гэх тэрээр бүр 2006 онд нүүрсэнд “орсон” хашир туршлагатай нэгэн агаад хамгийн багадаа 4-5 хятад компанийн төлөөлөгчөөр ажилладаг байжээ.
... Манай компанийн зөвлөх ажилтай гэдгээр нь мэднэ. Ихэвчилэн хятад талын захирлуудтай харилцдаг, оффис дээр сууж ажилладаггүй, хааяа л ирдэг. Д.Наранхүүнь гэрээ байгуулах асуудлыг хариуцдаг, уулзалтуудыг хийдэг. Хятад захирлуудтай англиар ярьдаг, “ЭТТ”-ийн дарга нартай өөрөө очоод уулзаад явчихдаг, ирээд ийм тийм албан бичиг хүсэлт өг гэж бидэнд хэлдэг ...
Г.Адьяа ийм том “нууц ноёнтон”-оос хүртэл мөнгө саадгүй авдаг байжээ.
...Д.Наранхүү гэх хүнийг 2007 оноос эхлэн таних болсон ба нэлээд олон хятад компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг гэдгээр нь мэднэ. Мөн манай “ЭТТ” дээр нүүрс худалдан авах гэрээ байгуулах, сонгон шалгаруулалтад оролцох зорилгоор байнга ирдэг. Манай төрсөн ах намайг мөнгө зээлээч гэхээр нь би Наранхүү ахаас та надад зургаан сая төгрөг өгөх боломж байна уу, хэрэгтэй юм байвал хэлээрэй гэсэн. Наранхүү ах мөнгө өгөхөөр нь би эхнэрийнхээ дүүгийн дансаар мөнгө шилжүүлж аваад буцааж өгөөгүй ...
Д.Наранхүү ч мөнгө өгсөнөө хүлээн зөвшөөрчээ.
... ЭТТ-н борлуулалт маркетингийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Адьяа нь яаралтай мөнгө хэрэг болоод байна гэхэээр нь өгсөн дансны дугаар луу нь зургаан сая төгрөгийг гүйлгээний утга дээр өөрийнхөө нэрийг буюу nar гэж бичээд шилжүүлсэн. Г.Адьяа нь нүүрсний борлуулалт хариуцаж байсан учир цаашид хэрэг болох тул дэмжлэг үзүүлж байхад зүгээр юм болов уу гэж бодоод мөнгө өгсөн ...
Экс хэлтсийн дарга хахуульд нийт 68 сая төгрөг авсан гэсэн бол шүүх 69 сая гэж тогтоожээ. Шүүгдэгч энэ мөнгийг дор нь АТГ-ын дансанд байрлуулсан байна. Шүүх Г.Адъяаг нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торгох, түүнд хахууль өгсөн Д.Наранхүүг нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, таван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.