alim.mn | 2026.01.06
Хотын экс орлогч О.Мөнгөншагай 445мкв газрыг нь “БҮТЭЭЖ” өгсөн ч МАН-ын Бага хурлын гишүүн журмын "анд" нь тохирсон байраа бусдад заржээ

“Алдарт” шадар сайд асан С.Амарсайханы хотын дарга байхдаа бүрдүүлсэн удирдлагын багийн гишүүдийн нэг нь Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай байсан. Өмнө нь Сүхбаатар дүүргийн намын хорооны дэд даргаар ажиллаж байсан агаад Сү.Батболдын хүн гэдэг. “Эрүүгийн” намтарын хувьд 2015 онд бусдын биед гэмтэл учруулсан хэргээр яллагдагчаар татагдаж байсан удаатай. Эхний удаад торгох ял аваад өнгөрсөн бол энэ удаад эрүүгийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж сайхан амжилт гаргажээ. Холбогдсон хэргийг нь дурдахад хотын орлогч гуай 2020 оны 4-р сарын 3-нд хуралдсан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар иргэн Н.Н-ийн эзэмшлийн газрыг 445 мкв-аар нэмэгдүүлэхээр Хот байгуулалт хөгжлийн газрын дэд дарга Ч.Бум-Эрдэнээр зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлүүлж газар эзэмшигчид давуу байдал бий болгохын тулд дэд даргатай санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэргийн хамтгагчаар оролцсон гэж яллагдсан. Энэ нэмэгдэл газрыг авахын тулд МУИС-ийн 6-р байр буюу Газар зүй геологийн сургуулийн эзэмшлийн талбайгаас “хумсласан” гэнэ. Газар эзэмшигч иргэн эмэгтэй Н.Н-ийн хүргэн Ж.П-д  барилга барихад нь орц гарц бас зогсоолын талбай дутаад байжээ. Гэхдээ түүнд нэг давуу тал байсан нь МАН-ын Бага хурлын гишүүн агаад хотын орлогчтой намын “журмын анд”, сонгуулиар хамт ажиллаж байсан. Тэрээр хотын орлогчтой “Хангарьд” ордны цахилгаан шатанд таараад барилгын газар багадаад дээр нь барилгаа хурдан эхлүүлэхгүй бол банкны зээлийн хүүнд шатаад дуусах нь гэж зовлонгоо тоочжээ. Зүй нь нэмэгдэл газар авахад хуулиараа дуудлага худалдаа зарлах ёстой ч энэ хэрэгт “гуйлт”-аар шийдвэрлэгдсэн байна. Хотын орлогчийн “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-өөс таньдаг цорын ганц хүн нь Хот байгуулалт хөгжлийн газрын дэд дарга Ч.Бум-Эрдэнэ болж таарчээ. Тэрээр хурал дээр “Мөнгөншагай даргын гуйгаад байгаа газар” хэмээн хэлээд зөвлөлийн гишүүдээр батлуулж чаджээ. Мөрдөгчид уг хурлын аудио бичлэгийг олж авсан байна.

... Эмэгтэй : Иргэн Н Н нь Сүхбаатар дүүргийн 6-р хороо Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/20-оор 785 мкв газрыг эзэмшүүлсэн. Үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар талбайн хэмжээ нэмэгдүүлэх хүсэлтийг өгсөн байгаа ...
 ... Эрэгтэй : Заа шууд саналаа хураачихъя. Дэмжье гэсэн томъѐоллоор, хуралдаа анхаараарай. Мөнгөншагай дарга яриад байгаа юм л даа. За дэмжээд өгчихье ...

Бичлэгийг сонссон зөвлөлийн гишүүд “Мөнгөншагай дарга гуйгаад байгаа юм л даа” гэж хэлж байгаа нь дэд дарга Ч.Бум-Эрдэнэ гэж баталжээ. Бүр хотын орлогч өөрөө хуралд ирсэн нь 445 мкв-ийн төлөө бие сэтгэлээ ихэд чилээн зүтгэж байсныг нь харуулж байна.

“ ... Мөнгөншагай даргын гуйгаад байгаа газар байгаа юм, энд хүртэл зогсож байна” гээд бүх гишүүд инээж байгаа нь сонсогдож байна ...

МАН-ын Бага хурлын гишүүн, журмын нөхөр Ж.П хүртэл хотын орлогчийг тун ч их тусалсаныг нь мэдүүлжээ.

... О.Мөнгөншагай хаашаа өргөдөл бичих, ямар хүнтэй уулзахыг хэлж өгч байсан. Тэр л голчилж тусалж байсан юм ...

Улсын яллагчийн тогтоосноор өмнө нь барилга баригч МАН-ын Бага хурлын гишүүн Ж.П нь хадам ээж Н.Н-ийнхээ газрын хэмжээг нь 445мкв-аар нэмэгдүүлэхээр  төрийн зохих байгууллагад хүсэлт гаргасан ч татгалзсан хариу авчээ. Ингээд асуудлыг нь шийдвэрлэх албан тушаалтанг хайх үедээ намын “журмын” нөхөр О.Мөнгөншагайтай уулзжээ.

...Танай газрыг сунгаж өгснөөр энэ барилга байгууламжаас зах зээлийн ханшаас бага буюу 5 сая төгрөгөөр зарагдах ханшаас 3 сая 500 мянган төгрөгөөр байр худалдаж авъя гэж өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор харилцан тохиролцсон үүний дагуу гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд энэ асуудлыг хэлж байгаа. Гэрээ байгуулсан ч Мөнгөншагай цаг тухайд нь төлбөрөө бүрэн гүйцэт төлж чадаагүйн улмаас П гэрээгээ цуцалж, тухайн орон сууцыг нь бусдад худалдан борлуулсан үйл баримт байгаа ...

Хөшигний цаана ийм тохироо хийгдсэн гэж тогтоогджээ. Хотын орлогч хаширлаж дүүгийнхээ нэр дээр орон сууц авахаар гэрээ хийсэн. Гэсэн ч “шудрага” төрийн албан хаагч тул хямдхан байр авч байгаадаа ихэд “эмзэглэсэн” гэнэ.

... Би хямд үнээр байр авахаар тохиролцсон зүйл байхгүй. Тэгээд П-д “чи манай дүүтэй 4.500.000 төгрөгөөр гэрээ байгуулсан мөртөө гадуур үнэтэй байгаа нь ямар учиртай юм бэ” гэж маргаж байсан ...

Гэхдээ хотын орлогч асан хурал дээр бусдын инээд доог болон байж газрыг нь бүтээж байхад намын “журмын” анд Ж.П нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй шалтаглаж хэмээн хотын орлогчийн байрыг хурааж аваад бусдад зарж тун ч хуншгүй загнажээ.  Шүүх хотын орлогч,  Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон Хот байгуулалт хөгжлийн газрын дэд дарга Ч.Бум-Эрдэнэ нарын энэ хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ