Америк, Шведийн эрх баригчдаас зугтан Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байгаад хөөгдөн гарч баривчлагдсан “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн гэр бүлийн зураг сайтад нь нийтлэгджээ. Тэрээр энэ хугацаанд гэрлэж хоёр хүүхэдтэй болжээ. Эхнэр нь түүний өмгөөлөгчдийн нэг байсан Стелла Моррис агаад тэд Макс Габриель гэдэг хоёр хүүхэдтэй болжээ. Тэд 2011 онд танилцаж улмаар дөрвөн жилийн дараа дотно харилцаатай болжээ. Удалгүй баривчлагдах аюулд орсон Жулиан Эквадорын ЭСЯ-нд орогох болсон. Тэрээр хүүхдүүдээ төрөхийг онлайнаар харсан гэнэ. Хөлд орсон хойно нь Стелла ЭСЯ-нд авчирч аавтай нь уулзуулжээ. Эквадорчууд 2019 онд Жулианыг хөөн гаргаснаар тэр дороо баривчлагдсан. Одоо хоригдож байгаа Белмарш шоронгоос хүүхдүүдтэйгээ мөн л онлайнаар уулздаг байна. Саяхан шоронд нь коронавирусын халдврын тохиолдол гарсан тул Стелла нөхрийнхөө төлөө ихэд санаа зовж байгаа аж. Бүр Эквадорын ЭСЯ-нд байх үеэс л Жулианы биеийн байдал нь муудаж сэтгэл санаа нь тогтворгүй болсон гэнэ. Одоо улам доройтсоор байгаа аж. Хэрвээ Ковид19-ын халдвар авбал бие нь дийлэхгүй гэнэ. Эхнэрийх нь мэдэгдсэнээр Жулианыг ганцаарчилсан камерт хатуу хяналт дор хорьж байгаа гэнэ.
