Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатарын “тэмээн поло”-ны гэх хэрэгт хүү нь холбогдоод байна. 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 7-ны өдрийн хугацаанд Өмнөговь аймагт 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах “Тэмээн поло” тэмцээнийг 27,6 сая төгрөгөөр зохион байгуулсан. Гэтэл ердөө 3 сарын дараа Эрүүл, мэнд спортын сайд С.Ламбаагийн А/214 дугаартай “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаал гарсан. Уг тушаалын дагуу Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нь 150 сая төгрөгийг шадар сайд Ц.Оюунбаатарын төрсөн хүүхэд О. Тэмүүжингийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” ТББ руу шилжүүлсэн. Ингээд ахиад тэмээн пологийн тэмцээн зохиогдсон болж таарчээ. Шадар сайдын хүү нь уг тэмцээнийг явуулахаар олон гэрээ хэлцэл хийсний нэг нь гэгдэх БНХАУ-ын “Beihing De Run” аж ахуйн хөгжлийн компаний гүйцэтгэх захирал Цэнгэлтэй полоны бөмбөг, цохиур, хамгаалалтын малгай зэргийг худалдан авах 26 сая төгрөгийн гэрээ гарч ирсэн. Нэгэнт гэрээ байгуулж төлбөрөө төлсөн хойно дээрхи бараа нь Монголд орж ирсэн байх ёстой ч ирээгүй. Гаалийн ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын орлогч дарга Л.Очгэрэлийн 2017 оны 11-р сарын 9-ний өдрийн 01-2/4594 дугаартай албан бичигд “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” ТББ нь 2016 оны 1-р сараас хойш Монгол улсын гаалийн хилээр бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирээгүй гэжээ. Өдгөө Шадар сайд асаны хүү аавынхаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт дэмжлэг үзүүлсэн хэмээн буруутгагдаж байна. Байдал хүндэрсэн тул Ц.Оюунбаатар нь “...Тус хэрэгт миний бие болон миний хүүхэд, хамт ажиллаж байсан хүмүүс холбогдсон. Гол буруутан нь би байна. Би шүүхэд “намайг шийтгэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.