alim.mn | 2024.12.23
МУБИС-д учирсан 34 сая төгрөгийн хохирлын хагасыг “Цалгайн хүү” компани төлөх шийдвэр гарчээ

2013 онд ашиглалтанд орсон “Оюутны өргөө” цогцолбор буюу олны нэрлэдэгээр 1000 оюутны байранд нэг бүр нь хоёр сая төгрөгийн үнэтэй нийт 20 ширхэг хагас автомат угаалгын машин шахсан хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Тухайн үед  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг  ноцтойгоор зөрчиж тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулан “Цалгайн хүү” гэдэг компаниас авсан. Мөн зах зээлд 300 мянгаг орчим үнэтэй байхад тэнгэр тулсан буюу хоёр сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Нийт 20 ширхэг хагас автомат угаалгын машиныг 4-5 сая төгрөгөөр худалдан авах боломжтой байсаар атал 40 сая төгрөг зарлагдсанаас болж МУБИС-д 34 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Энэ хэрэгт мөн үед МУБИС-ийн санхүү эрхэлсэн дэд захирал бөгөөд “Оюутны өргөө” цогцолборын менежмэнтийн багийн ахлагчаар ажиллаж байсан Л.Ганцэцэг шалгагдсан. “Цалгайн хүү” компаний захирал Д.Мөнхжаргал ч холбогдсон. Гэхдээ анхан шатны шүүхээс зөвхөн МУБИС-ийн санхүү эрхэлсэн дэд захирлыг буруутай хэмээн үзэж нийтийн албанд томилогдох эрхийг нэг жил хасах, 5,4 сая төгрөгөөр торгох ял оноож учирсан хохирлыг “Оюутны өргөө цогцолбор”-д төлөх шийдвэр гаргасан. “Бизнесийн байгууллагын ашиг олох зорилгоор явуулсан үйл ажиллагаа гэж ойлгож байна. Миний санал болгосон үнийг хүлээн авахгүй байх боломж нь Л.Ганцэцэгт байсан” хэмээн мэдүүлсэн Д.Мөнхжаргал цэвэрхэн гарсан. Харин давж заалдах шатны шүүхээс компаний захирлыг бусдад илт хохиролтой гэрээ хэлцлийг мэдсээр байж байгуулсан хэмээн үзэж МУБИС-д учирсан хохирол болох 34 сая төгрөгийн хагасыг төлөх шийдвэр гаргажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ