alim.mn | 2024.12.23
Хүн алсныг “болгоомжгүй хөнөөсөн” болгож хөнгөрүүлэн зүйлчлүүлэхийн тулд цагдаагийн мөрдөгчид 5,2 сая төгрөгийн хахууль өгчээ

Иргэн Б.Ө нь “Талим оптикал”-ын захирлаар ажилладаг. Түүний үеэл дүү Б.Г нь нэгэн эмэгтэйг биеэ хамгаалж чадахгүй байсныг нь мэдсээр байж  гавал, тархины битүү гэмтэл учруулан хөнөөсөн хэрэгт холбогджээ. Захирал нь тухайн үед Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан П.Э-тэй гэр бүлийн найзууд гэнэ. Хоёр найз уулзахад “Талим оптикал”-ын захирал  “...үеэл дүү ирээд хэрэгт орооцолдчихлоо, хуулийн талаас нь туслаад өгөөч ээ...” гэж гуйсныг нь ахлах мэргэжилтэн биелүүлж өгөхөөр болжээ. Энэ зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.О-д хахууль өгөхөөр үгсэн тохиролцжээ. Энэ хэрэгт тэднээс гадна “Хос талим” ХХК-ийн захирал Б.Б, “Талим оптикал” нүдний шилний газарт техникч хараа зүйч ажилтай Г.У нар холбогдсон.  2019 оны 3-р сарын 12-нд ахлах мэргэжилтэн нь “Талим оптикал”-ынхантай “Отоко” ресторанд уулзаж дөрвөн сая төгрөг авчээ. Үүнээс нэг саяыг нь өөртөө үлдээж гурван саяыг нь эрүүгийн ахлах мөрдөгчид дамжуулж өгсөн байна.  Дараа нь ахин 1,2 сая төгрөгийг дансаар шилжүүлжээ. Ахлах мөрдөгч нь хүн амины хэргийг мөрдөж байгаа мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурор нарт “нөлөөлж” хахууль өгөгчдийн санааг биелүүлж өгөхөөр болсон.  Өөрөөр хэлбэл “иргэн Б.Ц-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гавал тархины битүү гэмтэл учруулан алсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Г.Б-ийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг болгон өөрчлүүлэхээр амлажээ. Хэрвээ энэ амлалт биелэгдсэн бол “Талим оптикал”-ын захирлын үеэл дүү нь хөнгөн ял авахаар байсан. Гэсэн ч  цагдаагийн ахлах мөрдөгч нь  уг хэргийг шалгаж хянаж буй ажилтнуудад “нөлөөлөх” гэж байгаад сэжиг авахуулж улмаар “ажиллагаа” илэрч баригджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
103.26.195.151
Iim zvil bainga l bolj bgaa barigdsan n ene bolhoos zunduu
Төстэй мэдээ