Дэлхий дахиныг хамарсан коронавирусын халдврын улмаас бараг бүх улсад хилийн хорио тавигдаж нислэг, төмөр замын хөдөлгөөнийг хаагаад байна. Үүнээс болж Монголын дарга нарын гадаад арга хэмжээний зардал үхмэл хөрөнгө болж тэд аргаа барж байна. Нийслэлд гэхэд л гадаад арга хэмжээ, томилолт, хуралд явах, туршлага судлах зэрэгт 820 гаруй сая төгрөг тавигдсан ч дарга нар нь ашиглаж чадахгүй таг суужээ. Уг нь хот гадаад арга хэмжээний том төлөвлөгөөтэй байжээ. Тэгээд ч сонгуулийн өмнөх жил тул тултал нь явахаар ихээхэн хөрөнгө төсөвлөсөн аж. Нийслэлийн дарга нар гадаадад шалтгаан гарган явахдаа сурамгай. Орлогч дарга Ш.Анхмаа л гэхэд Азийн утаатай, бохир хотыг төлөөлж байгаа атлаа Европын Эрүүл хотуудын сүлжээний хотын дарга нар/ European Healthy Cities Network Summit of Mayors/ -ын уулзалтанд оролцоод ирсэн. Дарга нар гадаад томилолтын зардлаа бэлэн мөнгөөр авдаг. 2018 онд Захирагчийн ажлын алба 37 сая төгрөгийн гадаад томилолтын мөнгийг бэлнээр өгөөд шууд зардлаар бүртгэчихсэн байжээ. Дарга нар гадаадад явж тансаглахаас гадна ажилтнуудаа урамшуулал нэрээр хавтгайруулан шагнадаг. Мөн онд л гэхэд Захирагчийн ажлын алба нь ажилтнуудаа 25,6 сая төгрөгөөр “урамшуулсан” байна. Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн хуралд суугаагүй гишүүдэд Хөдөлмөр эрхлэлтийн газар нь 3,1 сая төгрөгийн урамшуулал өгсөн байна.