Монгол ирсэн хятадууд ихэнхи нь хүүхнээс болж гэмт хэргийн золиос болдог. Мөөгий буюу А.Мөнх-Э нь Дундговь аймгийн Мандалговь сумаас Улаанбаатар хот руу татах агаарын шугмын дэд станцын төсөлд туслан гүйцэтгэгчээр ажилладаг хятад компанид орчуулагчаар ажилд оржээ. Мөн өөрийн “Альфард” машиныг түрээсэлсэн. Үүний хажуугаар “Хятадын 20-р төмөр зам” компанид давхар ажилладаг сүйхээтэй эр байжээ. Компаний захирал Ли Шуан Чэнг нь Мөөгийгийн хятад хэдний чадварыг үнэлж удаан хугацаагаар хамтарч ажиллах санал тавьсан байна. Хэдийгээр цалин нь боломжийн ч хятадуудын зан авир тэр тусмаа хүүхэн нэхдэг нь монгол залуугийн дургүйг анхнаасаа хүргэжээ. Компанийхан дарга цэрэг, хөгшин залуугүй бүгд монгол хүүхэн олж ирэхийг шаардаж шахаж гуйдаг. “Чи ийм жижигхэн юм зохицуулж чадахгүй бол бусад ажлуудыг яаж хийж чадах юм бэ” гэх зэргээр дарамталжээ. Үүнээс болоод компанид албан тушаалын хувьд ахих, цалингаа нэмүүлэх төлөвлөгө нь элдэв саадтай учрах болжээ. Сүүлдээ цалингаа ч цагтаа авахад бэрхшээлтэй болсон. Хамгийн сүүлд хамт ажилладаг өвөрмонгол нь “захирал өнөөдөр эксковаторын жолоочид 5 сая төгрөг өгсөн, үүний оронд чамд өгч болох л байсан” гэхэд тэсвэр нь алдагдсан байна. Ингээд Сүхбаатарын талбайн урд байдаг “Митинг” баарны урд талын “LUX” гэдэг баарны зохион байгуулагч Э буюу ЭмСи-тэй уулзаж “хамт ажилладаг хятадууд дээрэлхээд байна, айлгаад өгөх залуус байна уу” гэж асуухад айлгавал шагнал өгөх эсхийг асуужээ. Мөөгий тус бүрд нь 500 мянгыг амласанд Т.Б гэх хоёр залууг олж өгчээ. Тэд уулзаад шууд ажилдаа орж “Toyota Alphard” машинаар 1-р хороолол руу явжээ. Оройн 21 цагийн үед зохион байгуулагч Мөөгий “Миний дэлгүүр” орж “нинжа дайчиддаа” хятадуудыг хүлэх скоч, дайрахдаа зүүх амны хаалт, бээлий хулалдан авчээ. Ингээд хятад захирлын амьдардаг 1-р хорооллын Цамбагарав үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах байрны 6-р орцны 5-н давхарт гарчээ. Төлөвлөгөө энгийн агаад айлгаад дээрэмдэх байв. Дайрахын өмнө маскаа зүүж бээлийгээ өмсөж бэлджээ. Мөөгий нь байрны камерийг салгажээ. Энэ байрыг хятад захирал Ли Шун Чэнг нь нягтлан бодогч Лонг Дэгүйтэй хамт түрээслэн суудаг. Хоюул намхан жижиг биетэй. Хаалганы хонх дуугарахад нягтлан очиж хятадаар “Шэе” буюу “хэн бэ” гэхэд Мөөгий “во” буюу “би” гэж мөн хятадаар хэлээд хойшоо ухарчээ. Хаалга нээгдмэгц монгол “нинжа дайчид” дайран оржээ. Нэг нь нягтланг цохин унагаад дээр нь гарсан бол чимээнээр гарч ирсэн захирлыг нөгөө “дайчин” хавсран унагаад дээр нь гарч ам болон гар хөлийг нь скочиджээ. Хятадууд дийлэхгүйгээ мэдээд эсэргүүцээгүй гэнэ. Нягтлан нь хуурамчаар ухаан алдсан дүр эсгэжээ. “Нинжа дайчид” нягтлангийн халаасыг ухаад бэлэн байсан 1,5 сая төгрөгийг нь авчээ. Захирлын барилгын материал авахаар бэлдэн цүнхэндээ хийсэн 16 сая төгрөгийг нь мөн авчээ. Түүнээс гадна хятад захирлын халаасанд байсан нэг сая төгрөгийг бас олжээ. Захирал “Хуавей” компанийн Монгол дахь салбараас 1,8 саяар авсан утсаа дээрэмдүүлжээ. Нягтлан нь 5600 юаны үнэтэй “Самсунг-С7”, 1700 юаниар авсан гэх “Show” me утсаа мөн дээрэмдүүлсэн. Хятадууд үхсэн мэт болсон тул дээрээс нь ус асгаж амьд эсэхийг нь шалгаад “нинжа дайчид” гарч оджээ. Тэднийг гарсан дараа захирал “ухаан орж” гар хөлийнхээ скочийг тайлаад дараа нь нягтлангаа сулласан байна. Тэгээд компанийн өвөрмонгол руугаа ярьсан агаад тэрээр цагдаад мэдэгджээ. Энэ үед Мөөгий нь “нинжа дайчид”-ын хамт такси бариад 3-р хороололд хүрчээ. Тэрээр “та хоёр гоё айлгаж чадлаа, гэхдээ амаа хамхиж яваарай, ах дүү нартаа ч хэлээд хэрэггүй” гээд амласанаасаа давуулан тус бүрд нь нэг сая төгрөг өгчээ. Дээрэмдсэн үнэтэй утаснуудаа шууд хогийн саванд хаяжээ. Гэсэн ч 48 цагийн дараа баригдсан байна.